АНУ-ын Холбооны мөрдөх товчоо буюу FBI иргэддээ хортой программ хангамжид өртөхгүйн тулд нийтийн утас цэнэглэх станц ашиглахгүй байхыг анхааруулжээ. Худалдааны төвүүд болон нисэх онгоцны буудалд олноор байдаг олон нийтийн USB оролттой утас цэнэглэх төхөөрөмжүүдийг хортой, тагнуулын болон хакеруудын хяналтын программ хангамж түгээхэд ашиглаж байна гэж Холбооны мөрдөх товчооны Денвер хот дахь салбараас өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд байна. Тус агентлаг энэ мэдэгдэлдээ тодорхой жишээ дурдаагүй.
Техник технологийн хэрэглээ ихэссэн энэ цаг үед олон нийтэд зориулсан цахилгаан үүсгүүрүүд нь иргэдийн сонирхлыг ихээр татах болсон. Гэвч аюулгүй байдлын ажилтнууд уг асуудалд олон жил санаа зовнин буй. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол хакерууд таны төхөөрөмжөөс и-мэйл, зурвас, зураг, бичлэгүүдийг хялбархан авах боломж бүрдэнэ гэсэн үг.
Аюулгүй байдлын "Authentic8" албанд ажиллаж байсан Дрю Паик 2017 онд CNN агентлагт ярихдаа "Хэрэглэгч уг үүсгүүрийг ашиглах үед төхөрөөмжинд нь хувийн мэдээллийг нь алдагдуулдаг нууц систем дамждаг. Үүнийг тайлбарлахад маш энгийн. Жишээ нь та IPhone утсаа Mac зөөврийн компьютер луугаа залгахад таны гар утасны мэдээлэл тэнд гарч ирнэ" гэжээ.