Мьянмарын цэргийн хунта буюу төрийн эрхийг барьж буй цэргийн хүчин өнгөрөгч мягмар гарагт тус Сагаинг мужийн Кант Балу тосгоныг бөмбөгдсөний улмаас 100 орчим хүн, тэр дундаа ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд амь үрэгджээ. "Энэхүү халдлагын улмаас олон тооны гэм зэмгүй энгийн иргэд амиа алдаж, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг олон хүн шархадсан" гэж Үндэсний эв нэгдлийн засгийн газрын Хөдөлмөрийн яам мэдэгдэл хийж, үүнийг "жигшүүрт үйлдэл, дайны гэмт хэрэг" гэж тодорхойлсон байна.
Орон нутгийн "The Irrawaddy" агентлагийн мэдээлснээр, хүмүүс хотын шинэ оффисын барилгын нээлтэд цугларсан үед хунтагийн нисэх онгоц хоёр бөмбөг хаяж, тосгон руу гал нээсэн байна. Цэргийн хунта уг халдлагын талаар олон нийтэд хараахан тайлбар хийгээгүй байна. CNN агентлаг цэргийн хунтагийн хэвлэлийн төлөөлөгчтэй холбоо барьсан ч хараахан хариу сонсоогүй гэжээ.
Мьянмар улсад 2021 оны хоёрдугаар сард цэргийнхэн төрийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авснаас хойш олон мянган хүн амь үрэгдээд буй. Хунта ардчилсан сонгуулиар сонгогдсон удирдагч Аун Сан Су Чиг огцруулсан юм. Төрийн эргэлтийн эсрэг жагсаалыг нухчин дарж, сэтгүүлчид, улс төрийн хоригдлуудыг баривчилж, ардчиллыг дэмжигч хэд хэдэн тэргүүлэгчдийг цаазалсан явдалд НҮБ болон хүний эрхийг хамгаалах байгууллагуудаас таатай хандахгүй байгаа. Хоёр жилийн дараа ч Зүүн өмнөд Азид тогтсон энэ улс хүчирхийлэл улам бүр хурцдаж байгаа юм. Үүнээс үүдэн тус улсад эдийн засаг сүйрч, хоол хүнс, түлш болон бусад үндсэн хангамжийн хомсдолд орсон.
Л.Сайнаа