Соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэн. 2023.4.7. Бурхантын хөндийн цэнхэр хотоосоо.
Тийм ээ, зураач Жаргалсайханы урланд хөх бялзуухай шулганан жиргэнэ. Урлангаар дүүрэн хүүхдийн цовоо дуу бас цангинана. Дарханы Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Батбаатарын Жаргалсайхан уран бүтээлээ хийхийн хажуугаар хүүхдүүдэд багшилж, өөрийн урлангаа тэдэнд чөлөөтэй нээж өгсөн нь энэ. Урлангийн нэр нь "ART OF N". Энэ урланд суралцаж байгаа 11-17 насны 21 сурагч дөнгөж саяхан бүтээлээ дэлгэж, үзэсгэлэн гаргалаа.
Их гоё хурц тод гэгээлэг өнгөтэй 63 зураг тавигдсан, тун том үзэсгэлэн. Жаргалсайхан багшаар урлах эрдэм заалгаж байгаа хүүхэд багачууд хамгийн гол нь өөрсдийн бодол хүсэл мөрөөдлөө зургандаа илэрхийлэн дүрсэлж байгаа нь том ололт байлаа. Хүүхдүүд бодит болон Монгол зураг, кубизм, сэтгэлгээний, мөн хийсвэр урсгалын чиглэлээр гээд, олон төрөл арга барилаар зурсан нь өөрийгөө нээж илэрхийлж байгаа хэрэг юм.
Зураг аа тос, шороо, усан будаг, бэх, өнгийн харандаагаар зуржээ. Энэ нь бас л зураач хүнд зайлшгүй хэрэгтэй авьяас чадвараа сорьсон туршилт болдог. Урланд Дарханы янз бүрийн сургуулиас хүүхдүүд ирж сурч байгаа нь сайшаалтай. “Оюуны Ирээдүй”-н хүүхдүүд арай олон байх шиг. Хөх шувуу, хөх нохойтой зураг л гэхэд 11 дүгээр ангийн сурагч М.Энхлэн охиных.
Зураач охин бодол санаагаа хөх өнгөөр зуржээ, толгой дээр нь хоёр хөөрхөн хөх бялзуухай жиргэж, бие сэтгэл дундуур нь хөх нохой урагшаа нэвтлэн гарна. Мөрөөдөл хязгааргүй, бас ямар ч өнгөтэй байж болно...
Энэрэл, Сувд, Хулан, Нандин-Эрдэнэ, Энхлэн... хүүхдүүд ээ, Уран зургийг шувуудын жиргээтэй хэн зүйрлэсэн бил ээ?... -Яг үнэн...өөр хэн ч биш, Пикассо өвөө л шүү дээ...Тэр бас “-Надад галерей өг, би дүүргэе” гэж хэлсэн. Та нар тэгвэл тэгж чадлаа, их олон зурагтай галерей нээлээ...