Монголын рок хөгжмийн урсгалд анхдагчдын нэг "Хурд" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт зургадугаар сарын 10-нд "Төв Цэнгэлдэх хүрээлэн"-д зохион байгуулагдах гэж байна. Тоглолтын тасалбарыг shoppy.mn борлуулж байгаа бөгөөд 40 мянган төгрөгийн ханштай байна.
Хурд рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүржээ. Хурд хамтлаг нь 6 гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны 3 сард Улсын Циркт амжилттай тоглосоноор, Монголын хөгжиж буй “РОК” хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв. Хурд хамтлаг 1998 онд монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглож мөн сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони Хурд” концертийг 2001 онд тоглосон. Хамтлаг анхны "Хар Салхи" Концертоос хойш Улаанбаатар хотод нийтдээ 24 удаагийн бүрэн хэмжээний (2.30-3.00) цагийн тоглолтыг хийсэн байна. Эдгээр тоглолтууд дундаас 2005 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд тоглосон "Талархалын тоглолт" 120.000 үзэгч цугларч байснаараа алдартай.
Л.Сайнаа