ЮНЕСКО-гоос Монголын Үндэсний урт дууг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн шилдэг дээжист зарлан тунхагласныг үндэслэн Монгол улсын "Хурц баатар" цолт, Гадаад явдлын яамны сайд, Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч асан, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийг үндэслэгч, хөгжмийн зохиолч, Алдарт гавьяат дуучин М.Дугаржавын мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан түүний зохиосон урт болон богино дууны улсын уралдааныг зарлаж байна.
Энэ тухай хэвлэлийн бага хурал "Хөгжим, бүжгийн коллеж"-д зохион байгуулагдлаа. Хуралд "М.Дугаржав сан", "Монголын Үндэсний бөхийн холбоо"-ны тэргүүн Ц.Магалжав, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нутгийн зөвлөлийн дарга М.Чинболд, "Монгол улсын Консерватор"-ын захирал, МУУГЗ Ц.Пүрэвхүү, Ардын жүжигчин, Хүндэт Профессор Д.Түвшинтөгс нар оролцож, тэмцээний талаар мэдээлэл өглөө.
Сонирхуулахад, М.Дугаржав нь Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, урлаг уран сайхан төдийгүй төр нийгмийн томоохон зүтгэлтэн хүн байлаа. Мөн "Монгол Үндэсний бөхийн холбоо"-ны тэргүүн Ц.Магалжавын удмын хүн ажээ. Тус уралдааны зорилго нь Монголын оюуны давтагдашгүй өв Монгол уртын дууны соёл уламжлалыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн үлдээх, Уртын дуучдын авьяас чадварыг хөхиүлэн дэмжихэд оршиж байна.
Уралдааныг ирэх тавдугаар сарын 01-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах бол уралдаанд оролцох дуучдын мэдүүлэг болон бүтээлийг дөрөвдүгээр сарын 24-өөс тавдугаар сарын 01 хүртэл conservatory.uraldaan2023@gmail.com хаягаар хүлээн авах буюу нэгдүгээр шат нь цахимаар явагдах ажээ.
Тавигдах шаардлага:
- Заагдсан бүтээлийг гар утас, видео дүрс ашиглан бичлэг хийж болох бөгөөд эвлүүлэгггүйгээр тасралтгүй бичсэн байна.
- Видео нь дуу, дүрсний 1080х1920 нягтаршилын шаардлагыг хангасан байх бөгөөд MP4, MPEG4, AVI, WMV, MOV форматын өргөтгөлтэй байна.
- Уралдааныг урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүдээс бүрдсэн таван хүн шүүнэ.
Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт тавдугаар сарын 05-08-ний өдрүүдэд цахимаар, хоёрдугаар шатны шалгаруулалт тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд "Монгол улсын Консерватор"-д зохион байгуулагдана. Уралдааны гала тоглолт тавдугаар сарын 26-нд "Монгол бөхийн өргөө"-нд болох гэнэ.
Оролцогчид уралдааны нэгдүгээр шатанд:
- Т.Нацагоржийн шүлэг "Идэр жинчин" урт дуу "Заавал дуулах"
- Н.Наваан-Юндэнгийн шүлэг "Үхэрчин хүү"
- Н.Наваан-Юндэнгийн шүлэг "Баянмонгол"
- М.Дугаржавын үг, ая "Таван Эрдэнэ" уран бүтээлүүдээс сонгон дуулна.
Хоёрдугаар шатанд оролцогчид М.Дугаржавын дараах бүтээлүүдээс сонгон дуулна.
- Б.Доржсүрэнгийн шүлэг "Жавхлант сүрэг" уртын дуу "Заавал дуулах"
- Н.Наваан-Юндэнгийн шүлэг "Үхэрчин хүү"
- Н.Наваан-Юндэнгийн шүлэг "Баянмонгол"
- М.Дугаржавын үг, ая "Таван Эрдэнэ" уран бүтээлүүдээс сонгон дуулах бөгөөд нэгдүгээр шатанд дуулсан дуугаа хоёрдугаар шатанд дуулж болохгүй аж.
Мөн уралдаан сугалааны дарааллын дагуу явагдах бөгөөд хамсрах хөгжимчдөө өөрсдөө хариуцна. Тэмцээний шагналын сан өндөр юм байна. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88000099, 88031381, 99041365 дугаараас лавлах боломжтой.
Л.Сайнаа