*************************************************************************************************************************************************************
Одоогоос яг 50 жилийн өмнө буюу 1973 оны дөрөвдүгээр сарын 03-нд Мартин Купер гэх эрхэм Манхэттэний зургадугаар өргөн чөлөөний явган хүний зам дээр тоосгоны хэмжээтэй төхөөрөмж барин зогсоод түүнтэй уг зүйлийг бүтээхээр өрсөлдөж байсан хүмүүсийнхээ нэгэн рүү гар утаснаасаа анх удаа дуудлага хийсэн нь түүхэнд тодоор тэмдэглэн үлдэх үйл явдал байлаа.
Моторола компанийн инженер байсан Купер "AT&T"-ийн эзэмшдэг "Bell Labs"-ын дарга Жоэл Энгелтэй утсаар ярихдаа "Би чам руу гар утсаар залгаж байна, гэхдээ жинхэнэ гар утас, хувийн, зөөврийн утас" гэж хэлсэн байна. Энэ үйл явдлаас хойш арван жилийн турш энгийн хэрэглэгч гар утас ашиглах боломжгүй байсан ч тэр өдөр Куперийн хажуугаар алхаж явсан хэн бүхэн түүх бүтээгдсэнийг харсан байх.
Анхны энэ дуудлагаас хойш 50 жилийн хугацаанд түүний бүтээсэн гар утас улам боловсронгуй, хурдан, нимгэн, хөнгөн, ашиглахад хялбар болж, бидний өдөр тутмын ажлаа амжуулах, хоорондоо харилцах хамгийн энгийн хэрэглүүр болсоор өнөөдөртэй золгожээ.
Өдгөө 94 настай Купер CNN-д "Одоо цагт хүн бүр гар утастай байгаад би гайхахгүй байна. Чамайг хэзээ нэгэн цагт төрөхөд утасны дугаар өгөх болно гэсэн наргиан, түүхийг бид тэр үед ярьдаг байсан. Үнэнг хэлэхэд та нар гар утасгүй бол өнөөдөр амьдарч чадахгүй шүү дээ” хэмээн ярьжээ.
Анхны дуудлага хийхээс хэдэн сарын өмнө Моторола компанийнхан AT&T-ийн домогт судалгааны салбар болох Bell Labs-ийн эсрэг гар утас бүтээхээр уралдаж байжээ. Тухайн үед өрсөлдөгч рүүгээ ярихад тэр тийм ч их баярлаагүй гэж хожим Купер дурсаж байв. Дэлхийн анхны гар утас болох Dyna TAC зөөврийн радио телефон утасны системийг Моторолагийн дэд ерөнхийлөгч Жон Ф.Митчелл 1973 оны дөрөвдүгээр сарын 03-нд Нью-Йорк хотод хэрхэн хялбархан ашиглаж болохыг харуулсан зургийг дор дэлгэв.