Даваа гарагт Филиппин улс АНУ-ын шинэ цэргийн дөрвөн баазад байрлах эрх олгож, цэргийн сургуулилт явуулсан нь батлан хамгаалах гэрээний өргөтгөсөн хэлэлцээрийн нэг хэсэг болох Хятадтай тэмцэх зорилготой гэж шинжээчид дүгнэж байна.
Уг дөрвөн баазын гурав нь Тайвантай ойролцоох Лузон арал дээр, нэг нь Өмнөд Хятадын тэнгис дэх Палаван мужид багтдаг ажээ. Хятад улс бүс нутаг даяар газар нутгийн маргаантай холбоотой асуудлуудад санаа зовниж буй энэ цаг үед АНУ Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлэв.
Хоёр улсын 2014 оны Батлан хамгаалах хамтын ажиллагааны сайжруулсан хэлэлцээрийн (EDCA) дагуу Филиппин улс Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын байгууламжуудын ойролцоох стратегийн ач холбогдол бүхий Балабак арал зэрэг Филиппин даяар нийт есөн бааз руу цэргээ байршуулах боломжийг АНУ-д олгож байгаа юм.
Эдгээр шинэ байршил нь АНУ болон Филиппиний Зэвсэгт хүчний харилцан үйлчлэлийг бэхжүүлж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт байгаа байгалийн болон хүмүүнлэгийн гамшиг зэрэг нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхийн тулд бидэнд илүү үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломжийг олгоно" гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сабрина Сингх даваа гарагт зарласан хэвлэлийн бага хурлынхаа үеэр онцолж хэлэв.
Л.Сайнаа