"Газар шим үйлдвэр" ХХК нь Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-д заасан тогтоосон үнийн аргаар 2023 оны 3-р сарын 27-ноос 3-р сарын 31-ний өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжааны захиалга авч дууслаа.
Тус компани нийт хувьцааныхаа 16,54% буюу 198,113,207 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 53 төгрөгөөр, 50 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувийг олон нийтэд санал болгож, нийт 10,5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан.
Анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 2,879 хөрөнгө оруулагчаас 216,380,683 ширхэг буюу 11,468,176,199 төгрөгийн үнийн дүн бүхий 2,952 захиалга ирүүлсэн бөгөөд үнэт цаасны танилцуулга, андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн 2,000 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 84.8 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ