Жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгний өдрийг Инээдмийн баяр болгон тэмдэглэсээр иржээ. Энэ өдөр хошин урлагийн тоглолтууд болж, улс даяар инээд, наргиан дүүрэн өнгөрдөг. Хэзээнээсээ л бид шогч, наргианч ард түмэн. Зах зээлийн шилжилтийн дараа үеэс буюу 2000-аад оноос "Өнгөт Инээд", "Шинэ Үе", "Х Түц", "Маск" зэрэг хошин урлагийн томоохон хамтралууд хүчийг авч, олон ч жил ард түмнийг инээдээр таслаагүй гэж хэлж болно.
Гэвч сүүлийн үед тэдний нэр хүнд унаж, нам дагасан навсгар, цүнх баригч, алиалагчаараа дуудуулах болж. Угтаа улс орны амьдрал уруу, дорой явахын цагт ХОШИН УРЛАГ тэнд хөгждөг юм гэнэ лээ. Хошин урлагийнхнаа муулаад, тэд нэгэн хэвийн уран бүтээл хийж, гаднаас хуулбарлаад байгаа гэхээр улс орон хөгжөөд ч байгаа мэт. Гэвч тэр хөгжил нь биднээс 100 жилээр тасран одсон. БИД ЗҮГЭЭР ХОШИН УРЛАГИЙНХНААСАА УЙДСАН ХЭРЭГ... Өнөөдөр энэ тухай ярих өдөр биш. Өнөөдөр үгүй болсон АЛДАРТНУУДАА дурсах өдөр билээ.
Урьдын сайхан цагт найруулга сайтай, хэлэх гэсэн утга санаа тодорхой, ёжлол төгс хошин урлагийн бүтээлүүд ихээр хийгддэг байжээ. Тэднээс дурдвал "Шинэ Үе" хамтлагийн "Ариунаагийн төрсөн өдөр", "Сөрсөн базаа" гэх мэт олон... Тэрхүү номеруудыг чимж асан гайхалтай уран бүтээлчид бол тус хамтлагийн жүжигчин асан Аси буюу Р.Алтансүх, Т.Билгүүн, Ц.Ганбаяр, Амбий буюу Ц.Батхуяг нар билээ. Энэ өдөр бид тэдний амьдрал, уран бүтээлийг хүндэтгэж, эргэн дурсаж байна. Бид энэхүү бичвэрээрээ бусад хамтлагуудын уран бүтээлийг муу гэж хэлэх гэсэнгүй. Гагцхүү нэгэн хамтлагт хүчин зүтгэж байсан сайхан уран бүтээлчдийг энэ өдөр санан дурсах гэсэн хэрэг билээ.
"ТЭД УЙЛЖ ИРЭЭД ИНЭЭЛГЭЖ БУЦСАН"
Жүжигчин, МУГЖ Ц.Батхуяг буюу АМБИЙ
Түүний хамгийн сүүлийн уран бүтээл "СОДУРА" Монголын уран сайхны кино байжээ. 2015 онд бурхны оронд зориход нь улс даяар гашуудаж байсныг санав. Тэр тийм л олны хайрыг хүртсэн нэгэн байж. Хожмоо хамт мөр зэрэгцэж явсан салбарын дүү нар нь ӨГӨӨМӨР, ХЭЭГҮЙ, САЙХАН хүн байсан гэцгээдэг. Аль багаасаа л урлагийн хүн болох хүсэлтэй байсан түүнийг зарим нь МҮОНРТ-ийн дэлгэцээр хүүхэд байхад нь харж байсан байх. Хамаг амьдралаа урлагт зориулсан ХАЙРАН тэр хүн амгалан нойрсож буй.
Жүжигчин, МУГЖ Р.Алтансүх
Олон түмэн түүнийг АСИ гэдэг нэрээр нь л хамгийн сайн мэддэг байх. Ээ тэр, дүрээ бүтээж, амилуулж байгаа нь гайхамшиг байсан даа. Санаанаас минь гардаггүй, түүний бүтээсэн хамгийн гоё дүр нь АРХИЧИН гэдэг номер. Тухайн үедээ тэр "Өнгөт Инээд" хамтлагт байсан санагдана. Архи уугаад байхаар нь эхнэр нь түүнийг үхсэн гэж итгүүлэхээр ойр, дотнынхонтой нь үгсэн хуйвалддаг. Түүний тэрхүү бүтээлд гаргасан дүр, цаашлаад "Ариунаагийн төрсөн өдөр" номерын ээжийн дүр бол хэзээ ч санаанаас арилахгүй, тийм л сайн дүр болсон. Сайн уран бүтээлч байхын гол шалгуур нь бусдаас өөр байхад бий. ТЭР БУСДААС ӨӨР БАЙСАН.
Жүжигчин, СТА Т.Билгүүн
Өвөрмонголд автын ослоор өөд боллоо гэдэг яриа гарахад нь жаахан хүүхэд уйлж байж билээ. Билгүүн бол үеийнхэн дундаа тасарчихсан уран бүтээлч байсан даа. Амьдрал дээр ч наргианч нэгэн байсан гэж хожим сонсож байв. Номерууд дээр түүний ихэвчлэн гаргадаг байсан дүр бол бидний хэлдгээр үл ялиг ШАЛЧИГАР эр хүний дүр. Өнөөгийн нийгмийн зарим эрчүүдийн үнэн төрхийг илчилсэн сайн дүрүүд байж. Үл ялиг хэтрүүлэгтэй, тэр нь ч үнэнг илчлэхэд нэмэр болсон гэж хардаг. ТЭР БАС Л БУСДААСАА ӨӨР НЭГЭН БАЙЖЭЭ.
Жүжигчин, СТА Ц.Ганбаяр
Оролцон тоглож байсан кино бүтээлээ дуусгаж амжилгүй хорвоог орхисон тэрбээр урлагийн төлөө цохилох хамгийн том зүрхтэн байжээ. За даа, бид сайн мэднэ дээ түүнийг. БҮДҮҮН ГАНБАА л гэдэг сэн. Тэр нэрэндээ ч хайртай байсан гэдэг. Хамгийн сүүлд 2019 онд "Мөрөөдлийн театр" хамтлагийн бүтээсэн "Галзуу Хот" шоу драмыг нь үзэж байлаа. Биширсэн гэхээсээ илүү, бахархсан юм. Тэр бол Т.Билгүүний хамгийн сайн найз байсан. ОДОО ТЭД ХАМТДАА БАЙГАА ДАА. Олон ч уран бүтээлд дүр бүтээж, олон ч дүр нь сэтгэлд үлдэж.
Одоо тэд маань даанч үгүй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)