Өнөөдөр 4 сарын 1 буюу инээдмийн баярын өдөр. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Манай орны хувьд жил бүрийн энэ өдөр улс даяараа инээд хөөр, дуу хууранд умбаж хошин урлагийнхны нэгдсэн тоглолт болон өөр олон гайхалтай арга хэмжээнүүд зохиогддог.
Энэ дашрамд сонирхуулахад МУГЖ Б.Чаминчулуун, МУГЖ Б.Батзаяа, МУГЖ Б.Туяа, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Д.Жагдаг, МУГЖ И.Одончимэг, МУСТА О.Энхтуул, Амгалан нарын гайхалтай уран бүтээлчид нэгдэж 1991 оны 10-р сарын 01-нд “Монголын нэг өдөр” хэмээх хошин шоу тоглолтыг анх тайзнаа тоглосоноор манай улсад хошин урлаг үүсч, инээдмийн баярыг илүү өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон аж. Ийнхүү энэ цаг үеэс эхлэн өдгөөг хүртэл том бага, хүүхэд хөгшид гэлтгүй бие биенээ хуурч, шоглож тэр өдрийг хөгжилдөн өнгөрүүлдэг уламжлалтай болжээ.
Инээдмийн баярын өдрийн маш олон түүх байдаг. Тухайлбал, Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Харин Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. 1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларсан гэдэг.
Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй. Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Гэсэн хэдий ч бие биеэ хуурдаг. Ингээд энэ өдөр дэлхийн хэвлэл мэдээлэлд гарч байсан хамгийн инээдэмтэй мэдээллүүдээс сонирхуулъя.
1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утасдсан гэдэг.
1999 онд “Phoenix New Times” сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. “Associated Press” агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ.
“Irish Times” хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос, Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна.