Монгол Улсын гавьяат жүжигчин Өнөшихбаярын Уянга ирэх дөрөвдүгээр сард гадаадад аялан тоглолт хийнэ. Тодруулбал, 1-нд Киргизийн А.Малдыбаевын нэрэмжит Дуурь, бүжгийн академик театрын тавьсан Жузеппе Вердигийн "Травиата" дуурьд дуулах юм.
Тус театрын танилцуулгад “Ө.Уянга бол Монголын шилдэг дуурийн дуучдын нэг. Тэрбээр сонгодог дуурийн маш хэцүү дүрүүдэд амжилттай тоглож ирсэн. Гадаад улс орон Ө.Уянгын тоглолтыг тэсэн ядан хүлээдэг юм. Түүний уран бүтээлийг харахад өндөр ур чадвар, онцгой авьяас бүрэн мэдрэгддэг” хэмээн бичжээ.
Ө.Уянгатай хамт Жоломан Усон уулу (Альфред Жермон), Киргизийн Ардын жүжигчин Бактыбек Ыбыкеев (Жорж Жермон), Ангелика Федорова (Флора Бервуа), Бактыбек Алмабеков (Доктор Гренвиль) нар тоглох юм байна.
Дуурийн тоглолтын дараа тэрбээр Киргиз үзэгчдэд Монгол романсаа ч толилуулах аж.