Бали арлын ариун дагшин газарт хагас нүцгэн зургаа авахуулж, цахим хуудсандаа нийтэлсэн ОХУ-ын жуулчинг Индонезоос албадан гаргахаар болжээ.
Индонезийн арлын хамгийн өндөр цэг болох Агунг ууланд бэлхүүсээсээ доош нүцгэн зургаа авахуулсан уг жуулчинг Юри гэдэг. Балигийн улс төрч, бизнесмэн эмэгтэй Ни Лух Желантик Юри, Оросын жуулчид болон Агунг уулын эргэн тойрон дахь нутгийн иргэдийг эвлэрүүлэхэд зуучлалын үүрэг гүйцэтгэсэн гэж CNN-д ярьжээ. Нутгийн уугуул иргэд болох Хинду балинчууд Агунг хэмээх галт уул нь Шива бурхныг төлөөлдөг гэж үздэг. Уг ууланд явган явахыг хүссэн хэн бүхэнд зөвшөөрөл шаардлагатай байдаг гэнэ.
Эдгээр үйл явдлын дараа Юри инстаграм хуудаснаа байршуулсан зүй бус зургаа устгаад оронд нь уучлалт гуйж буй бичлэгээ оруулсан байна. Тэрбээр "Миний үйлдлийг зөвтгөх аргагүй. Энэ үйл явдалд хүргэсэн цорын ганц зүйл бол миний хувийн мунхаглал юм. Балийн соёл, шашин шүтлэгийг судалсны дараа би алдаагаа ойлгосон. Агун бол Баличуудын хувьд ариун бэлэг тэмдэг юм байна. Шива бурхныг үл хүндэтгэсэндээ би уучлал хүсэж байна” гэжээ.
Өнгөрсөн жил тус аралд байх ариун модонд Оросын нөлөөлөгч, инстаграмын од Алена Пазлева бүтэн нүцгэлсэн зураг даруулснаасаа болж ял сонсох дөхсөн. Гэвч тэр нутгийн иргэдээс уучлал хүсэж, ариун модонд мөргөл үйлдэж, ялаас мултарсан удаатай.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)