УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хариулт өглөө.
Тэрбээр "Эрдэнэсийн сангийн тухай хуульд зааснаар Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэн, Соёлын яам, МУИС-ийн эрдэмтэн багш нараас бүрдсэн мэргэжлийн зөвлөл ажиллаж, гаргасан санал дүгнэлтийнх дагуу эрдэнэсийн санг арвижуулдаг. Эрдэнэсийн сангийн үндсэн сан нь байнгын болон байнгын бус гэсэн хоёр хэсгээс бүрддэг.
Байнгын хэсэгт бүртгэгдсэн аливаа үнэт зүйл, олдворыг Эрдэнэсийн сангаас гаргах, худалдан борлуулах нь хориотой. Байнгын бус хэсэгт байгаа үнэт зүйлийг УИХ-ын шийдвэрээр зарж, борлуулж болно.
2022 оны тухайд 2 тэрбум төгрөгийн археологийн үнэт олдвор, үнэт зүйл шилжүүлэн авахаар төсөв батлагдсанаас 900 сая төгрөгийн худалдан авалт хийгдэж, Эрдэнэсийн санг баяжуулсан" гэв.
Д.Батчулуун