"Blackpink" хамтлагийн дуучин Жисү анхны бие даасан "ME" цомгийнхоо дууг өнөөдөр 12:00 цагт цацна. "Blackpink хамтлаг сүүлд гаргасан цомгийнхоо аялан тоглолтоор дэлхийг тойрч байгаа. Энэ үеэр бие даасан уран бүтээлгүй Жисүгийн цомгийг гаргаж буй нь сонирхолтой.
Дуучин завгүй хуваарьтай байсан ч цомогтоо маш их хөдөлмөр зарцуулсан" хэмээн The Korea Herald сайтад онцолжээ.
"YG" энтертайнментийн хариуцдаг тус хамтлагийн гишүүн Женни, Рөүз, Лиса нар өөрсдийн цомгоо гаргасан бөгөөд "Жисү хэзээ вэ" гэсэн шүтэн бишрэгчдийнх нь хүлээлт өндөр байв.
Анхны цомгийнхоо онцлох дуугаар "Flower", "All eyes on me"-г сонгосон бөгөөд урьд өмнө хэзээ ч харж байгаагүй "өөрийгөө" таниулахыг хүсэж байгаа аж. "Flower" дууны хоолой, гүйцэтгэл, дуучны хэв загвартай сайн зохицсон учраас гол уран бүтээлээр сонгожээ.
Жисү хэвлэлийн бага хурлын үеэр шинэ цомгийнхоо талаар сэтгэгдлээ хуваалцахдаа "Гоцлол дуучны дүрээр өөрийгөө хэрхэн харуулах талаар их бодсон. Би зөвхөн хийж чадах зүйлээ тасралтгүй хөгжүүлдэг. Энэ явцад шинэ Жисүг олсноор цомгоо дуусгалаа. Энэхүү цомгоо удаан хүлээсэн. Хамтлагийн маань бусад гишүүн надаас түрүүлж цомгоо гаргасан. Тиймээс шинэ уран бүтээл хүлээж байгаа шүтэн бишрэгчдээ харах хэцүү байдаг байлаа. Анхны цомгийнхоо сурталчилгааг гаргах бүрд сонсогчдынхоо сэтгэгдлийг харж байсан. Намайг дэмждэг бүх блинктэй баярлалаа" хэмээн ярьжээ.
Жисүгийн “ME” цомог 1.3 сая урьдчилсан захиалга авсан бөгөөд бие даасан цомгоо гаргасан К-попын эмэгтэй дуучдын дээд амжилтыг эвджээ.