Даваа гарагийн шөнө АНУ-ын хилийн ойролцоо орших Мексикийн Сьюдад Хуарес хотын харьяа цагаачдыг саатуулах төвд гал гарсны улмаас хамгийн багадаа 40 хүн нас барсан гэж Мексикийн албаныхан мягмар гарагт мэдэгдэв. Тавдугаар сарын эхээр дуусах гэж байгаа тахлын үеийн нийгмийн эрүүл мэндийн хязгаарлалтын улмаас АНУ-аас буцаж ирсэн цагаачдын хөлд автсан хилийн дагуух Мексикийн хотуудад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг онцлон тэмдэглэв.
Цагаачлалын үндэсний хүрээлэнгийн (INM) байранд орон нутгийн цагаар 22:00 цагийн үед гал авалцсан бөгөөд галын шалтгааныг байрны дотор үүссэн цахилгааны гэмтэл, эсвэл гэмт хэргийн сэдэлтэй ч байж болзошгүй гэжээ. АНУ-ын Техас мужийн Эль Пасо хотод хэсэг цагаачдыг баривчилж тус төвд хүргэсний дараа энэ хэрэг гарсан гэж эрх баригчид мэдэгдэв.
Тус байгууламжид Төв болон Өмнөд Америкийн 68 эрэгтэй хоригдож байсан бөгөөд галын улмаас шархадсан 29 хүнийг орон нутгийн эмнэлгүүдэд хүргэж, яаралтай тусламж үзүүлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд дор хаяж 28 Гватемалын иргэн байгаа гэж Гватемалын Цагаачлалын хүрээлэнгээс мэдээллээ.
Л.Сайнаа