БАРИМТ 1
УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймаг нь 2 мандаттай. АН-аас нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуулиар нийт санал өгсөн сонгогчдын 47.5 хувийн саналаар ялалт байгуулан УИХ-ын гишүүн болсон билээ. Энэ нь 15239 сонгогч Д.Бат-Эрдэнээр өөрсдийгөө төлөөлүүлэхээр саналаа өгсөн гэсэн үг.
БАРИМТ 2
Дашдэмбэрэлийн гэхээс илүү “Ажнай” хэмээн нэрлэгддэг Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд Өмнөговь аймгаас гурав дахь удаагаа УИХ-д иргэдээ төлөөлөхөөр сонгогдож байгаа төрийн түшээ. АН-ын буюу цөөнхийн бүлгийн 11 гишүүний нэг нь тэр билээ.
БАРИМТ 3
Төрийн өндөр албан тушаалтнуудын АТГ-т жил бүр гаргадаг хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад УИХ-ын хамгийн хөрөнгөлөг гишүүний нэг нь Д.Бат-Эрдэнэ. Тэрбээр Монголын анхны хувийн компаниудын нэгийг байгуулж байсан бөгөөд тэр нь “Ажнай” корпораци юм. “Ажнай” корпораци байгуулагдаад 37 жил болж буй.
БАРИМТ 4
Монголын эдийн засгийн гол багана, төсвийг бүрдүүлэх гол хүчин зүйл болоод байгаад нүүрсний экспортыг тэрбээр мөн л анх эхлүүлж байжээ. Энэ нь 2004 он бөгөөд түүний татсан жимээр өдгөө “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” зэрэг олон арван үндэсний компани нүүрс экспортолж байна.
БАРИМТ 5
Монголын анхны хувийн компаниудын нэгийг байгуулж байсан Д.Бат-Эрдэнэ өдгөө 20 гаруй компанийн хувьцаа эзэмшигч.
БАРИМТ 6
1995 оны наймдугаар сарын 8-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээрх 470 компанийн 60-ынх нь хувьцааг 20 гаруй сая ам.доллаараар худалдан авч гараагаа эхэлж байсан талаараа Д.Бат-Эрдэнэ гишүүн ярилцлагадаа дурдсан байдаг. Сонирхуулахад Д.Бат-Эрдэнэ цэнхэр, ягаан тасалбараар хувьцаа аваагүй бөгөөд цэвэр өөрийн бизнес хийж олсон орлогоороо эдгээр хувьцааг авч байжээ.
БАРИМТ 7
Тэрбээр орон нутгийн өмчит Тавантолгой буюу олны нэрлэдгээр жижиг Тавантолгойн хувьцаа эзэмшигч. Энэ компанийн 51 хувийг орон нутаг буюу Өмнөговь аймаг, 49 хувийг нь иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшдэг.
БАРИМТ 8
Орон нутгийн өмчит Тавантолгойн 49 хувийг 23 орны 2300 гаруй хувьцаа эзэмшигч эзэмшдэгийн нэг нь Д.Бат-Эрдэнэ гишүүн бөгөөд 20 хүрэхгүй хувьтай. Түүнээс өндөр хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч ч буй.
БАРИМТ 9
Монголын улс төрд “Нүүрсний” гэх хэрэг мандан эрх баригч намынхан холбогдож ахуйд Д.Бат-Эрдэнэ гишүүн ярилцлага өгөхдөө “Нүүрсний хулгайтай тэмцье гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-н 35 хувийг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй” хэмээж байв. Тэрбээр Монголын хөрөнгийн биржээр арилжаа хийдэг, Монголын хөрөнгийн биржийн арилжааны үүх түүхийг бүтээлцсэн үндэстний хөрөнгө оруулагчдын нэг.
БАРИМТ 10
Үүнээс хойш удалгүй Монголын парламентын сөрөг хүчний хамгийн хүчтэй дуу хоолойн нэг Д.Бат-Эрдэнэ гишүүнийг “Нүүрсний” хэрэгт хамаатуулан шалгахаар болсноо хууль хяналтынхан зарласан. Түүнийг хоёр үндэслэлээр буруутгаж байгаагийн нэг нь “Тавантолгой” ХК болон “Тавантолгой транс” компанийн хоорондын өр авлагыг хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа.
БАРИМТ 11
Энд нэр дурдагдсан хоёр компанийн Гүйцэтгэх удирдлагаар Д.Бат-Эрдэнэ гишүүн ажиллаж байгаагүй бөгөөд тэрбээр “Тавантолгой” ХК-ийн ч, “Тавантолгой транс” компанийн ч олон зуун хувьцаа эзэмшигчийн нэгэн адил хувьцаа эзэмшигч л юм.
БАРИМТ 12
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь 500 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаг бөгөөд эдгээр нь нүүрс худалдан авагч, нүүрс тээвэрлэгч, хөрс хуулалт гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, даатгалын гээд олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Гүйцэтгэх удирдлага эдгээр компанитай харилцахаас биш 2900 хувьцаа эзэмшигч энэ компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод байх боломжгүй гэсэн үг.
БАРИМТ 13
Түүнийг буруутгаж байгаа дараагийн үндэслэл нь “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарыг томилон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулан ногдол ашгийг илүү хувиарлан авсан хэмээх үндэслэл.
БАРИМТ 14
Компанийн дүрэм журмаар Гүйцэтгэх удирдлагыг дан ганц хувьцаа эзэмшигч томилох боломжгүй. Харин ТУЗ Гүйцэтгэх удирдлагыг томилж, чөлөөлдөг. Нягтлан бодох болон бусад ажилтныг ТУЗ-өөс томилсон Гүйцэтгэх удирдлага томилж, чөлөөлдөг.
БАРИМТ 15
“Тавантолгой” ХК-ийн ТУЗ нь есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тавыг нь 51 хувийнхан буюу Өмнөговь аймгийн ИТХ, дөрвийг нь 49 хувийнхан буюу хувьцаа эзэмшигчдийн саналаар бүрдүүлдэг.
БАРИМТ 16
Д.Бат-Эрдэнэ гишүүнтэй холбож буруутгаад байгаа Р.Сэддоржийг “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх удирдлагаар 2013 онд тус компанийн ТУЗ томилж байжээ.
БАРИМТ 17
Мөн л Д.Бат-Эрдэнэ гишүүнийг хуйвалдан томилсон гээд байгаа нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нь харин Р.Сэддоржоос өмнө буюу 2009 оноос “Тавантолгой” ХК-д ажиллаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл түүнийг томилох тушаалыг Д.Бат-Эрдэнэ гишүүнтэй холбоод буй Гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Р.Сэддорж биш өмнөх захирал нь гаргасан гэсэн үг.
БАРИМТ 18
Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэдэгт нь багтаж байгаа энэ хоёр хүн өөр, өөр хугацаанд, бүлэглэн ногдол ашиг илүү авсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа хугацаанаас хойш тухайн албан тушаалуудад томилогдсон гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.
БАРИМТ 19
Тавантолгой хувьцаат компани хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани хувьцаа, ноогдол ашигтай холбоотой бүх үйл ажиллагааг хөрөнгийн бирж, санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор явуулдаг. Нээлттэй хувьцаат компаний хувьд ногдол ашгийг гүйцэтгэх захирал, нягтлан, нэг, хоёр хувьцаа эзэмшигч нар тохиролцон илүү дутуу хуваарилах боломжгүй.
БАРИМТ 20
Д.Бат-Эрдэнэ гишүүнийг буруутгаж байгаа үндэслэлүүд дотор “51 хувь буюу Өмнөговь аймгийн ногдол ашгийг дутуу олгосон” гэсэн үг өгүүлбэр байгаа. Гэтэл энэ нь Даланзадгадын дулааны станцад засвар хийх хөрөнгийг “Тавантолгой” ХК-аас гаргах ИТХ-ын шийдвэрийн дагуу хийгдсэн ажил аж.
БАРИМТ 21
2005 онд өөрийн хөрөнгөөр нүүрс тээврийн 100 шланзтай "Тавантолгой транс" ХХК байгуулж байсан. Энэ компани монгол залуусыг сурган нүүрс тээвэрт явуулснаар хятад жолооч нарыг энэ салбараас гаргаж байсан. Одоо Монголд нүүрс тээврийн 400 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж, 20 гаруй мянган жолооч тээвэр хийж байгаа. Эдийн засгийн өгөөжтэй салбар болон өргөжсөн.
БАРИМТ 22
Уг нь хууль дүрмийн дагуу тухайн жилийн санхүүгийн тайлан гарсны дараа татварын дараах ашгийн хэдэн хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон өгөхийг компанийн ТУЗ шийддэг. Үүнд 51 хувийнхан буюу Өмнөговь аймгийн ИТХ саналаа өгдөг. Энэ шийдвэрээ ТУЗ нийт хувьцаа эзэмшигчдийн хурал дээр танилцуулдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид хүргүүлсний дараа “Тавантолгой” ХК хэчнээн төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ тараахыг Монголын хөрөнгийн бирж олон нийтэд мэдээлдэг.
БАРИМТ 23
Орон нутгийн өмчит Тавантолгой нь Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа эзэмшигчдэдээ хамгийн өндөр ногдол ашиг тараадаг байгууллага юм.
БАРИМТ 24
“Тавантолгой” ХК 2022 онд 290 гаруй тэрбум төгрөгийн ашигтай бөгөөд ТУЗ-ийн шийдвэрээр 144 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ хувиарлахаар болжээ.
Сэтгэгдэл (29)