Германы Нойцелл хотод байрлах, пиво үйлдвэрлэгч "Klosterbrauerei Neuzelle" компанийн зүгээс дэлхийн анхны нунтаг шар aйргийг үйлдвэрлээд байна. Тэдний бүтээсэн нунтаг бэлдмэл дээр зохих хэмжээний ус нэмж хутгахад л хангалттай ажээ.
Үйлдвэрийн эзэн Штефан Фричегийн "Нунтаг шар айрaг үйлдвэрлэснээр бид хамгийн түрүүнд тээврийн зардлыг хэмнэсэн. Түүнчлэн түүхий эд, хөдөлмөр болон цахилгаан эрчим хүчийг даруй 90 хувиар хэмнэж байгаа" гэжээ.
Дэлхийн анхны гэх тодотголтой уг шар айргийг амтлахыг хүссэн олон улсын компаниуд худалдан авах хүсэлтээ илгээгээд байгаа гэнэ. Тус компанийн зүгээс уг үйлдвэрлэлийн аргыг ашиглан дэлхийн ямар ч шар айрагны амтыг гаргах боломжтой хэмээсэн байна. Тэд одоогоор нунтаг шар aйргийг багахан хэмжээгээр үйлдвэрлэж байгаа бөгөөд сoгтууруулах чанаргүй, тэг градустайг худалдаанд гаргажээ. Энэ нь маш энгийн ухагдахуун буюу уламжлалт аргаар үйлдвэрлэсэн, бэлэн бүтээгдэхүүнийг нунтаг хэлбэрт л оруулж байгаа хэрэг аж.
Шар айргийг бүтээгчид уламжлалт шар айргийг таашаагчид, тэр дундаа өөрийн улсынх нь иргэд шинэ бүтээгдэхүүнд төдийлөн сайшаалтай хандахгүй гэх судалгааг гаргасан бөгөөд одоогоор зах зээлийн чиг баримжаагаа Ази, Африкын орнуудаар төсөөлж байгаа гэнэ. Дашрамд, тэд одоогоор найдвартай хөрөнгө оруулагч хайж байгаа бөгөөд хэрэв энэ төслөө цаашид өргөжүүлэн амжилт олж чадвал уг салбарт томоохон амжилт гаргана гэж олон улсын хэвлэлд дурджээ.
Л.Сайнаа