Уганда улсын парламент ижил хүйстэн буюу бэлгийн цөөнх гэж өөрийгөө тодорхойлсон хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн төслийг баталлаа. Хуулийн төсөлд Ерөнхийлөгч Йовери Мусевени гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж BBC агентлаг мэдээлэв. Уг хачирхалтай, харгис хуулинд зааснаар найз нөхөд, гэр бүл, хамт олны гишүүд ойр буй ижил хүйстний харилцаатай байгаа хүмүүсийг эрх баригчдад мэдэгдэх үүрэгтэй ажээ.
Зүүн Африкийн нутагт байх тус улсад ижил хүйстнүүдийн үйлдэл, хувь заяа нь аль хэдийн хууль бусд тооцогдож эхэлсэн. Гэвч энэ хуулийн төсөл нь цаашлаад хүмүүсийг бэлгийн өөр бусад чиг баримжаагаар нь эрүүгийн хариуцлагад татах зорилготой гэж шинжээчид үзэж буй. Энэ сарын эхээр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг мягмар гарагт буюу энэ сарын 21-нд Угандагийн парламент өргөн бүрэлдэхүүнээрээ дэмжсэн байна.
Энэ нь одоогийн ерөнхийлөгч Мусевенид очих бөгөөд тэр хоригоо ашиглаж, барууны хандивлагчид болон хөрөнгө оруулагчидтай сайн харилцаатай байх эсвэл хуульд гарын үсэг зурах гэсэн хоёр сонголттой нүүр тулжээ. Хуулийн төсөлд мөн ижил хүйстнүүдтэй бэлгийн харилцаанд оруулах зорилгоор хүүхэд, хүн худалдсан этгээдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж тусгажээ.
ЛГБТ иргэдийн эрхийн үйл ажиллагаа, байгууллагыг дэмжиж, санхүүжүүлдэг, ижил хүйстнүүдийг дэмжсэн хэвлэл мэдээллийн хэрэглүүр, уран зохиолыг хэвлэн нийтэлж, нэвтрүүлж, түгээдэг хувь хүн, институциуд мөн ял шийтгэгдэж, шоронд хоригдоно. Энэ талаар Уганда дахь идэвхтнүүд болон ЛГБТ хүмүүс тус улсад ижил хүйстний бэлгийн чиг баримжаа олгохгүй байгаа нь тэдэнд бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байгаа хэлбэр гэжээ.
Л.Сайнаа