Малави улсыг дайран өнгөрч, 225 хүний аминд хүрсэн "халуун орны шуурга"-ны улмаас тус улсад 14 хоногийн үндэсний гашуудал зарлаад байна. Шуурганы улмаас хүмүүс усанд үйх, хөрсний гулгалтанд дарагдах зэргээр амь эрсэдсэн тухай ВВС агентлаг мэдээлэв.
Малавийн засгийн газар гэр орноо орхин гарсан болон орон гэргүй болсон 20 мянган хүнд зориулж 30 түр лагерь байгуулжээ. Малави улсын хамгийн уулархаг бүс, худалдааны нийслэлд тооцогддог Блантайр хот хамгийн их хохирол амссан бөгөөд оршин суугчид хөрсний гулгалтанд өртөж, байшингууд нь үерийн усанд нурж сүйджээ. Шуурганд нийтдээ таван сая гаруй хүн нэрвэгдсэн тооцоог гаргасан бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Түүнчлэн уг шуурга Австралийн баруун хойд хэсгээс эх газрын Африк хүртэл Энэтхэгийн далайг бүхэлд нь дайран өнгөрсөн түүхэн дэх дөрвөн шуурганы нэг юм. Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн халуун орны шуурга байж магадгүй аж. Уур амьсгалын өөрчлөлт нь халуун орны шуургыг улам чийглэг, салхитай, хүчтэй болгож байна гэж шинжээчид үзэж байна.
Мөн тус шуурга Африк тивийг хүрэхийг сацуу Мозамбик, Мадагаскар арлын улсыг дайран өнгөрч, ойролцоогоор 20 гаруй хүний аминд хүрээд байна. Фредди хэмээн нэрлэдэг халуун орны шуурганы гол онцлог нь бороо орж, хүчтэй салхи дэгдээдгээрээ энгийн шуурганаас ялгаатай юм.
Л.Сайнаа