АНУ-ын Миннесота мужийн албаныхан Миннеаполис хотын ойролцоо орших цөмийн цахилгаан станцаас асгарсан 1.5 сая литр буюу 400,000 галлон цацраг идэвхт усыг цэвэрлэх ажиллагааг явуулж байна гэж Global News сайтаас мэдээлэв. Уг цацраг идэвхт ус өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын сүүлчээр станцаас алдагдсан ч энэ тухай өнгөрсөн пүрэв гараг хүртэл олон нийтэд мэдээлээгүй нуун дарагдуулсан ажээ.
Тус атомын цахилгаан станцыг ажиллуулдаг Xcel Energy компани Миннесотагийн бохирдлыг хянах агентлагийн нэгэн адил цацраг идэвхт ус асгарсан нь олон нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй гэж амлаж байгаа юм.
Xcel Energy компани цахилгаан станцын ус алдагдсаныг арваннэгдүгээр сарын 22-нд буюу асгарсан нь батлагдсаны маргааш мужийн болон холбооны эрх баригчдад мэдээлсэн. Бохирдсон усанд устөрөгчийн цацраг идэвхт изотоп болох тритиум агуулагддаг бөгөөд энэ нь байгальд түгээмэл байдаг. Түүнчлэн энэ нь цөмийн цахилгаан станцын үйл ажиллагаанд голлох үүргийг гүйцэтгэдэг, нийтлэг дайвар бүтээгдэхүүн юм гэж АНУ-ын Цөмийн зохицуулах хороо (NRC) мэдэгдээд байна.
Миннеаполис хотоос баруун хойд зүгт 55 км, Тандер Бэйгээс өмнө зүгт 600 км-ийн зайд орших уг цахилгаан станцын цогцолборт байрлах хоёр томоохон барилгын дундуур өнгөрдөг хоолой хагарч, ус гойжжээ.
Миннесотагийн бохирдлыг хянах агентлагийн төлөөлөгч Майкл Рафферти "Бид нэг хяналтын цооногт тритиум байгааг мэдэж байсан ч Xcel гоожсон эх үүсвэр болон түүний байршлыг хараахан тогтоогоогүй байснаас мэдээллийг олон нийтэпд цацалгүй хүлээсэн. Одоо бид эх үүсвэрийг тогтоож, хяналтандаа авсан тул олон нийтэд цацаж байгаа хэрэг" гэжээ.
Л.Сайнаа