"Болор цом"-ын эзэн , яруу найрагч Ц.Хуланг эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл ангиар Тагнуулын ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр саатуулсан юм. Түүнийг гадаадын тагнуулын алба, байгууллага иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэж ТЕГ-аас үзэж байгаа. Түүний гэм бурууг шүүх хурал удаа дараа хойшилсоор өнөөдөр болно. Тэгвэл бид та бүхэнд түүний туурвисан 10 шүлгийг түүвэрлэн хүргэж байна.
1. Өөрийгөө би чамаас олсон
Өлгий болоод живх, өндөр уулс чинь байсан
Өндөр босгыг чинь алхах гэж
Өт болоод хорхой аль алиныг нь дамжсан
Унах газраа олохгүй тэнэсэн намайг
Уйлахад минь тоссон эх орон минь ээ
Ижийгээ би чамаас олсон
Ижилгүй дуурайх гэж зүсийг нь өвчиж төрсөн
Дахиад ямар цээжин дотроос нь түлхлэх биш
Даалимбан дээлнийх нь хормойг шалба норгож унасан
Сайхан ижий минь намайгаа үүрч алхахад
Салхи чинь хүртэл хүндэднэ гэж хийсч одсон
Ижийнхээ нурууг амрааж, хөлд орохын цагт минь
Ивж ургасан өвс нь налж сөгдсөн эх орон минь
Ижийгээ би чамаас олсон
Гуниггүйхэн залуу насаа би чамаас олсон
Гайхуулж бас гайхаж үдсэн он жилүүд
Үсээ задалж бүсээ тайлж сарыг өвөртөлж хоноход
Өрөвдсөн байлгүй, үүрээр зугтсан байсан
Үлгэр хэлүүлдэг насыг минь харамгүй өгсөн атлаа
Үнэтэй цаг хугацаагаа надаар элээлгэсэн эх орон минь
Гуниггүй залуу насаа чамаас би олсон
Сайхан амрагаа би чамаас олсон
Сартай шөнөөр хань хийж
Салхиар чинь хүртэл гоёж өссөн
Хилээ мануулах гэж төрүүлсэн олон эрсийг чинь
Хичнээнийг нь шүлгээр уяруулж өөрийгөө манууллаа
Булгилсан зүрхийг минь шалгах гэж
Бусдын амрагийг үзүүлэн тохуурхаж
Булаалдаж эрхлүүлсэн эх орон минь
Сайхан амрагаа чамаас олсон эх орон минь
Эрх танхил үрээ би чамаас олсон
Эрхлүүлэх гэж дахин би хэлд орсон
Ийм муухай амьтныг минь хөлд оруулах гэж
Их үдийн наран чинь ханын толгой дамжсан
Хамгийн нандин дууг үрийнхээ зүлай дээр аялахад
Хүй дарсан газрынхаа чулууг дэлгэсэн
Ирсэн болгоныг хувьтайд дуулгах гэж
Ивлэсэн юм шиг л асгарсан бороотой эх орон минь
Эрх танхил үрээ би чамаас олсон
Буцна буцна гэвч чамайг би айлгахгүй
Бууриа хөдөлгөвч надаар чи дутахгүй
Бусдаас гуйхгүй үхлийг хүртэл чамаас олохын цагт
Бурхад чинь хүртэл намайг булаалдана эх орон минь...
2. Сайндаа л хэдхэн шөнө нойргүй хонох байлгүй
Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар
Сарних л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр
Хөрвөөж хонохдоо худлааг нь мэдлээ
Хөнгөн явдалтай гэвэл сарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Хөөргөн зантай гэвэл нарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Дуулах дуртай гэвэл хуур ятгыг хэлээрэй, би л лав биш шүү
Дурлалдаа үнэнч гэвэл намайг хэлээрэй, тэр чинь ганцхан би юм шүү
3. Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай.
Чийр болсон алдар хүнд, чихний ээмгээ тайлаад
Чиний л хайртай бүсгүй болж, дээлээ нөмгөлөх би дуртай.
Аяга таваг зөөж айлын эхнэр шиг загнаж
Ардын дуу гунганахдаа худлаа бадаг нэмж
Амгалан унтах чиний өврөөс гулссаар
Аяархан босч цонхоор ширтэх дуртай
Хэн ч мэдэхгүй миний энэ аз жаргалыг
Хэн нэгнээс булааж авсан миний энэ аз жаргалыг
Чамаас өөр хэнч нурааж чадахгүй!
4. Идэрхэн танхил нас минь дахин ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй ээ
Би яг л энэ хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувууд шиг
Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл ээ...
5. Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!
6. Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ээжий минь
Айлын тавагнаас чихэр хармаалж шараа болгоно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнээ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаан өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэхийн юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг ээ
Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж Аав нар сумын үзель шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээн аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөөн олтол цоо эрүүл болж жүжиглэдэг ээ
Ачийг тань хариулнаа би гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараан өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаан дэлгэж та тэднийгээн хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганганасан хэдэн зээтэйгээ хэдэнтээ хэлд орно
Гадаа навчис унаж он жил биднийг унасан навч шиг орхиж
Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвлөсөн
Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа
7. "Болор цом 28" наадмын ТЭРГҮҮН байрт шалгарсан шүлэг
Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болноо!
Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг
Цагаан Дарь Эх болноо
Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан Дарь Эх болноо
Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би
Цагаан Дарь Эх болноо
Шагжтивийн хамаг амьтан эхдээ мөргөнө гэж би горьдсийм
Шандуурлын далайд живсэн хүмүүс ижийтэй манатай явдгийм байна
Шалдрайхан дусал би ч тэдэн дунд хөвж л яваа
Шаралхсандаа би
Цагаан Дарь Эх болноо…
Дунд нь бороо шиг орж холилдсон
Дунгуй орчлонд хүнийхээ төрлөөс
Дуртайдаа би салаагүй юм шүү
Дэлэнгүй ч үрээ тэжээх шувуунаас
Уучлал гуйгаад би эргэж ирнэ
Дэгдэх хөлгүй ч үрдээ яарах могойноос
Адис аваад би эргэж ирнэ!
Үйзэн цэнхэр уулнаас туурь үлдэж
Үйтэн хуар талаас буурь хоцорч
Дэлхий нурахаас өмнө би олон олон ирнэ!
Тэмтэрч үзээгүй лусын бараа,
Тэнгэрт үзэгдээгүй луун дунаас ч цочоохгүй гэхдээ
Тэврээсээ үрээ салгах дургүй
Ялгуун ялгуун тэрбум байтугай
Ядаж ганцхан өөрийн ээжийн ачийг хариулсан
Энэ л цагт би эргэж ирнэ
Энэнээс наана, түүнээс цаана
Би цагаан Дарь Эх байнаа!
8. Хань минь
Хамаагүй нисээд цуцсан шувуу минь
Хаа эртийн үлгэр мэт
Халуун бага насандаа
Жаргая л гэж чамайг дагасан
Жаахан охин явахдаа
Харанхуйн цаана гэрэлтэх
Бурхдын оронд
Яаж хүрнэ дээ чи минь гэж
Хаа холын гунигт өдөр
Харуусан бодохын чинээ саналгүй
Инээлдэн уулзаж дээ хоёулаа…
9. Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай!
Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай!
Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай!
Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй
Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн
Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай!
Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог
Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог
Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?
10. Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . .
Ж.Сайханаа
Сэтгэгдэл (12)