Индонезийн Бали аралд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэргээр гадаадын жуулчдад мотоцикл түрээслэхийг, унуулахыг хориглохоор төлөвлөж байгаа тухай BBC агентлаг мэдээлэв.
Арлын Амбан захирагч I Вайан Костер "Жуулчид манай арлын эргэн тойронд мотоцикл унах үедээ цамц, хувцас өмсөөгүй, дуулгагүй, тэр ч байтугай зөвшөөрөлгүй тэнүүчилж болохгүй" хэмээн орон нутгийн хэвлэлд ярьжээ. Мөн "Хэрэв та жуулчин бол жуулчин шиг л бай" хэмээн хатуу сануулсан байна.
Гэвч энэ асуудлыг шийдэхэд амархан. Тодруулбал, жуулчид үүний оронд аялал жуулчлалын агентлагуудын өгсөн тээврийн хэрэгслийг ашиглах боломжтой. Тус аралд дээр хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын эхэн хүртэл 171 гадаадын иргэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ. Түүнчлэн зарим жуулчид замын хөдөлгөөнд оролцохдоо хуурамч тээврийн хэрэгслийн дугаар хэрэглэсэн зөрчил илэрсэн байна.
Бүс нутагт ирсэн жуулчдад машин унахаас илүү мотоцикл жолоодох нь аялангаа, байгалийн сайхныг тольдоход таатай байдаг. Мөн мотоцикл замын хөдөлгөөнд орох, гарах, мөн байгалийн үзэсгэлэнт газар, гудамжуудаар аялахад хамгийн төгс унаа юм.
Л.Сайнаа