Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг Кувейт Улсад сурталчлан таниулах зорилготойгоор Монголын өдрүүд арга хэмжээний соёлын арга хэмжээг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам санаачилж, 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Кувейтийн Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөлтэй хамтран “Welcome to Mongolia” сэдвийн дор Эль-Кувейт хотноо зохион байгуулав.
Арга хэмжээнд Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Анхбаяр, “Queen model agency”-гийн загвар өмсөгчид, уран зураач С.Чулуунбаатар, М.Уламбаяр нар оролцож, Монголын ардын болоод орчин үеийн урлаг мөн дэлхийн сонгодог урлагийн номерууд, Монголын байгаль, аж ахуйг харуулсан уран зургийн үзэсгэлэнг Абдулхуссейн АбдулРида театрт толилууллаа.
Тоглолтыг Кувейт Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл, Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Мухаммад Аль-Жасаар, Эль-Кувейт хотноо суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон кувейтийн иргэд зэрэг 500 гаруй зочин үзэж сонирхов.
“Монголын өдрүүд” нь Монгол орны ахуй, байгаль, ардын болоод орчин үеийн соёл урлаг, түүхийг кувейтийн ард түмэнд таниулах, соёлын хамтын ажиллагааны суурийг тавихад чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөв.
ГХЯ