Хөгжлийн банкны нотлох баримт шинжлэн судлах сонсголын гурав дахь шат өнөөдөр эхэллээ. АСЕМ-ын хүрээнд олгосон нийт 16 зээлдэгчид олгогдох 108.4 тэрбумын зочид буудлын зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойш 1.6 их наяд төгрөгийн 2540 төсөл хөтөлбөрт дамжуулан зээл олгосон байдаг. Хөгжлийн банкны зүгээс одоогийн удирдлага ямар бодлого баримталж байна вэ гэвэл банк өөрөө энэхүү зээлийг олгохдоо хараат бус бие даасан байдлаар санхүүгийн дүн шинжилгээ болон хуулийн дүн шинжилгээ бүрэн дүүрэн хийсэн үү гэдэг асуудал гарч ирж байна. Газрын болон хөрөнгийн маргаан бүрэн дүүрэн байсан уу гэдгийг бид эргэн харах ёстой. Үүнтэй холбоотой Хөгжлийн банкны одоо байгаа зээлийн багцад хөрөнгийн маргаантай олон асуудал байна. Иргэдэд давхар худалдан борлуулсан, залилангийн шинжтэй асуудал гарсан. Бид үүнийг явцын дунд хууль хяналтын байгууллагатай ажиллаж байна. Нийтдээ 81 орон сууцыг Хөгжлийн банкны барьцаанд тавьсан болон өмчлөлд шилжүүлсний дараа бусдад худалдсан асуудал байдаг.
АСЕМ-тай холбоотой хэлэхэд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 14-ны тушаал байдаг. Үүгээр тухайн үеийн дамжуулан зээлүүдэд хяналт шалгалт хийгээд, түүний мөрөөр авах арга хэмжээний тушаал гаргасан байдаг юм билээ. Үүнд дурдагдсанаар Худалдаа хөгжлийн банкинд 44.8 тэрбум төгрөг АСЕМ вилла дээр зориулалтын бусаар ашигласан байгаа тул энэхүү зээлийг буцаан шаардах гэх хэрэгжүүлэх арга хэмжээг баталсан байдаг. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын нэгдүгээр сарын 29-ны тушаалаар АСЕМ-тай холбоотой Төрийн банкинд 395.9 сая төгрөгийн зориулалт бус ашиглалт байгаа. Үүнийг буцаан дуудах гэсэн тушаал батлагдсан байдаг. Бидэнд одоогийн байдлаар энэ тушаалын дагуу авагдсан арга хэмжээний мэдээлэл байхгүй байна.
АСЕМ-тай холбоотой 233 тэрбумын бонд гаргасан байдаг. Энэхүү бондын эргэн төлөлтийг өнгөрсөн оны зургадугаар сард бүрэн хийж дууссан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)