БАРИМТ 1
Ганболд овогтой Болор нь 1994 онд Нийслэлийн 10 жилийн 33 дугаар сургуулийг төгссөн.
БАРИМТ 2
Улмаар Цэргийн Их сургуульд сонсогчоор элсэн орж амжилттай суралцан, 1999 онд Цахилгаан холбооны инженер, командын офицер мэргэжлээр Онц дүнтэй төгсөж байжээ.
БАРИМТ 3
ЗХЖШ-ын Тооцоолох төвөөс ажлын гараагаа эхлэн улмаар БХИС-ийн Холбооны тэнхимд багш, тус сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Холбооны албаны дарга, БХЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудад тус тус дэвшин ажилласан.
БАРИМТ 4
Г.Болор нь сонсогч байхаасаа сурлага, эрдэм мэдлэг боловсролоороо тэргүүлж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, хугацаанаасаа өмнө дэслэгч цолоор шагнагдаж, курсийн орлогч, Цэргийн их сургуулийн Сонсогчдын холбооны дарга зэрэг сонгуульт ажлуудыг сайн гүйцэтгэж үеийн сонсогчдоо удирдан манлайлж захирагч, дарга нараас цөөнгүй удаа сайшаагдаж байсан.
БАРИМТ 5
2004 онд “Үүрэн ТЛФ холбоог Зэвсэгт хүчинд ашиглах боломж” сэдвээр техникийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.
БАРИМТ 6
2005 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн Англи хэлний дунд,гүнзгий шатны дамжаа, 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн англи хэлний багш орчуулагчийн оройн анги, 2007, 2009 онуудад АНУ-ын Батлан хамгаалах хэлний хүрээлэнгийн Англи хэлний багшийн үндсэн дамжаа болон Удирдлагын дамжааг амжилттай дүүргэсэн байна.
БАРИМТ 7
Тэрбээр мөн 2011-2012 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж, 2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон Улсын Аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа, 2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон Улсын Аюулгүй байдлын төвийн Олон Улсын Аюулгүй байдлын дамжаа, 2019- 2021 онд Тайваны Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн, Дайны Коллежид Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр зэрэг сургалтуудыг тус тус дүүргэсэн.
БАРИМТ 8
Г.Болор нь анх Монгол улсаа төлөөлөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд анх 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад явагдсан НҮБ-ийн MINURCAT ажиллагааны цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицероор ажиллаж байв.
БАРИМТ 9
Түүний дараагаар 2013 онд Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ийн UNMISS ажиллагааны хүчний штабт холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр 2 жил ажиллаж нийтдээ гурван удаа энхийг сахиулах ажиллагаанд явж эх орныхоо даалгаврыг нэр төртэй биелүүлж ирсэн офицер юм.
БАРИМТ 10
Г.Болор нь олон тохиолын анхдагч бас манлайлагч офицер юм.
БАРИМТ 11
Мөн тэрбээр цэргийн сургуулийн анхны 6 эмэгтэй сонсогчдын нэг.
БАРИМТ 12
Түүнчлэн АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллежийг төгссөн анхны монгол эмэгтэй офицер, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер, НҮБ-ийн Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ийн UNMISS ажиллагааны хүчний штабын холбооны хэлтсийн даргаар ажилласан анхны эмэгтэй гээд анхны гэх олон тодотголууд түүнд бий.
БАРИМТ 13
2015 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь Энхийг Сахиулах Ажиллагааны газарт ажиллах олон үндэстний офицеруудын сонгон шалгаруулалтад амжилттай оролцон тэнцэж Монгол улсаас НҮБ-ын ЭСАГ-т ажиллах анхны офицероор сонгогдон ажилласан нь Монгол улсын Зэвсэгт хүчний офицерын нэр хүндийг дэлхийн тавцанд таниулах нэгэн шинэ боломжийг нээсэн юм.
БАРИМТ 14
Түүнийг 2013 онд Өмнөд Судан улсад НҮБ-ийн UNMISS ажиллагааны хүчний штабт ажиллаж байх үед тус улсад иргэний дайн дэгдсэн бөгөөд Г. Болор нь өөрийн үндсэн үүрэгт ажлаасаа гадуур Монгол улсын нийт 850 цэргийн алба хаагчтай Мотобуудлагын Батальон болон штабын офицеруудаа хариуцсан Үндэсний ахлах офицероор томилогдон ажилласан ажээ.
БАРИМТ 15
Хүчний Командлалын дэргэд эмэгтэйчүүдийн холбоог санаачлан байгуулж Норвеги, Энэтхэг, Кени улсын гурван эмэгтэй офицеруудыг ахлан Өмнөд судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчидтай олон үндэстний нийт 6 цэргийн багт ( Монгол, Энэтхэг, Кени, Хятад, Өмнөд Солонгос, Япон) 6000 гаран км газар нисдэг тэргээр айлчлан ажиллаж дайны цагт эмэгтэй энхийг сахиулагчдын сэтгэл санааг дэмжих, тэдэнд урам зориг өгөх ажлуудыг хийж дараагийн цэргийн багт ирэх эмэгтэй офицеруудын тоог нэмэгдүүлсэн нь НҮБ-ийн 2000 онд гаргасан эмэгтэйчүүдийн манлайллыг аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн тоог 2%-иас 15% болгон нэмэгдүүлэх тунхаглалыг ажиллагааны газар район дээр хэрэгжүүлж өндөр үр дүн гаргасан хэмээн үнэлэгдэж онцлох үнэлгээтэй офицероор шалгарч Хүчний Штабын даргын тодорхойлолттойгоор үүргээ дуусгаж байжээ.
БАРИМТ 16
Мөн Өмнөд судан улсын иргэний дайны үед хүчний штабын удирдлагын холбоог тасалдуулахгүй түргэн шуурхай ажиллуулах үндсэн ажлын хүрээнд тус ажиллагааны түүхэнд анх удаа Нил мөрөн дээрх усан тээврийн холбоог амжилттай зохион байгуулж халдлагад өртсөн тээврийн усан онгоцнуудтай шуурхай холбоонд орж, байрлалыг тогтоон авран гаргах ажиллагааг явуулах үндсийг хангаж олон арван энхийг сахиулагчдын амь насыг аврахад хувь нэмрээ оруулсан юм.
БАРИМТ 17
Өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж түүнийгээ бусдад заан сургаж, үлгэрлэн манлайлж яваа өнөө үеийн боловсролтой, дайчин эмэгтэй судлаач, сурган хүмүүжүүлэгч юм.
БАРИМТ 18
Тэрбээр өнгөрөгч 2022 оны гуравдугаар сарын 18 буюу Эр цэргийн баярын өдөр Бригадын генерал цолоор энгэрээ мялааж, Монголын анхны эмэгтэй генерал цолтон болсон билээ.
БАРИМТ 19
Монгол Улсын бригадын генерал Г. Болор өдгөө Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн газрын даргаар ажиллаж байна.
БАРИМТ 20
Генерал цолоо хүртсэнийхээ дараа тэрбээр хэвлэлд “Би өөрөөрөө бахархаж байсан хэдий ч надад нэлээд ахадсан мэт санагдаж ихээхэн эмээж байв. Энэ бол манай улсын олон мянган дүрэмт хувцастай эмэгтэй алба хаагчдын хүсэл тэмүүлэл юм. Ийнхүү миний тушаал ахисан явдал олон эмэгтэй алба хаагч урам зориг өгч, ийм амжилтанд хүрч чадна гэж итгэхэд хүргэж байгаа нь надад маш их үнэ цэнэтэй санагддаг” хэмээжээ.
БАРИМТ 21
2023 оны “IWOC” шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан “Нийгмийн гэрэлт ирээдүй”-г цогцлоохын төлөө ажиллаж буй 11 онцлог эмэгтэйд олгодог аж. Энэ удаагийн шагнал авах эмэгтэйчүүдийн дунд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор багтаж, шагналаа гардав.
БАРИМТ 22
АНУ-ын ТНБД-ын нэрэмжит шагналыг анх 2007 онд гардуулж эхэлснээс хойш дэлхийн 80 гаруй орны 180 эмэгтэй тус шагналыг хүртжээ. Уг шагналыг олгохдоо АНУ-ын хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд өөрийн суугаа орноос нэг “хатан зориг”-т эмэгтэйг нэр дэвшүүлэн, тодорхойлдог бөгөөд Төрийн Департамент шалгаруулж, баталдаг ажээ.
БАРИМТ 23
Бригадын генерал Г.Болор нь Зэвсэгт хүчинд 30 орчим жил ажиллаж, эх орныхоо төлөө зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд үлгэрлэн манлайлж байна.
БАРИМТ 24
Түүний ажлын амжилт, Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр засаг, гадаадын мэргэжлийн байгууллагууд өндрөөр үнэлж, “Цэргийн хүндэт медаль”, “Энхийн төлөө” медаль, “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”, “Эх орны төлөө II, III” медаль, “Дайчин алдар I, II, III” медаль, “Африкт энхийн төлөө” дурсгалын медаль, НҮБ-ын “Энхийн төлөө” медалиар 3 удаа, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнаж урамшуулсан билээ.
Сэтгэгдэл (10)