Манай сайтын уншигч бүсгүйчүүд та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, "Мартын 8"-ны мэнд дэвшүүлье. Энэхүү өдрийг тохиолдуулан бид нэг гэр бүлийн гурван ээжээс ээж байхын сайхныг, ээж болохоос өмнөх дурсамжуудынх нь талаар багахан яриа авсан юм. Тэдний сонирхолтой, сэтгэл хөдөлгөм түүхтэй танилцацгаая...
Ээж М.Цацралмаа
Би ээж болохоос өмнө юу ч боддоггүй гэгээн цайлган инээж хөгжилдсөн залуу халуун насаараа бахархсан бүсгүй байлаа. Ээж болж, анхны хүүхдээ төрүүлээд би ээж гэсэн үүрэг хариуцлага өөрт ирж байгааг ухаарч, хөөрхөн бяцхан үрээ хараад энэ жаахны төлөө гоё сайхан амьдрах ёстой гэсэн тэмүүлэл дүүрэн сэтгэл бялхсан. Сайхан бүхний эхлэл минь ирж байна гэсэн бодлоор амьдралын их замд орсон. Амьдрал үнэхээр бялхам дүүрэн юм билээ. Дараагийн хүүхдээ төрүүлэхэд их зүйлийг сурсан. Ээж хүний үүрэг хариуцлага үнэхээр өндөр байдгийг анхны үрээсээ хойш мэдэрсэн дээ.
Ээжийн бүүвэйтэй хорвоо үнэхээр гоё. Монголын бүх сайхан ээжүүд эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
Том охин Б.Энэрэл
Ээж болохоос өмнөх би ээж болсны дараах би яг хэвэндээ. Өөрчлөгдсөн зүйл гэвэл бүх зүйлээс хар барааныг хайхаа байчихсан, улам л цагаахан болчихсон. Дүү нараа өсгөсөн болохоор ч тэр үү, 10 жилд байхдаа л өөрийгөө дуурайсан жаахан үртэй болно гэж мөрөөддөг, бүр төсөөлдөг байлаа. Жил ирэх тусам сэтгэл улам зөөлхөн болсоор л байгаа. Ээж болохын өмнөх би-гээ одоо ч өөрөөсөө олж хардаг. Надаас хамаарч надаас шалтгаалж нэг хүн энд төлөвшиж байгаа шүү дээ гэж бодох төдийд л бухимдал, стресс, шаналал арилчихдаг. Ихэнх хүмүүс ээж болохоос өмнө би гуа сайхан байсан шүү гэж их санааширдаг. Харин ч эсрэгээрээ би үрээ тээсэн хэвлий минь алтан судлуудтай болсон, ангир уургаа хөхүүлсэн хөх минь алим шиг биш болсон ч гэсэн үрсийн минь анхны шим тэжээлийг өгсөн, унасаар унасаар амьдралын чолктой болсон ч гэсэн сэтгэлээр унадаггүй. Жил ирэх тусам нандин 30н нас руу алхам алхмаар дөхөх тусам улам зөөлөн, ухаалаг болж байгаа өөрийгөө хайрладаг болсон. Төрөхөөс өмнө сүрчиг их сонирхдог байлаа. Бараг л гоё сүрчиг ханхлуулсан хүн хажуугаар зөрвөл дагаад алхчихдаг байлаа. Анхны үрээ төрүүлчхээд ангир уургаа хөхүүлж байхдаа хүүгийнхээ зулайг үнэрлэх тэр мөч хүртэл сүрчгийн хорхойтон байлаа. Миний хоёр хүү өөр өөрийн гэсэн тусдаа үнэртэй. Нэг тийм үнсэх, үнэрлэх тоолон уужим амьсгаа авмаар, төрсөн, өссөн бүх цаг мөч нь нүдэнд харагддаг нандин үнэртэй. Ээж минь ч ялгаагүй хүзүүнээс нь ямар гоё үнэр үнэртдэг гээч . Ингээд бодохнээ эх үрийн холбоо гэж үнэрээс нь авхуулаад тусдаа байдаг байхнээ гэж боддог болсон.
Ингээд бүх эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн ЭРХИЙГ хамгаалах өдрийн мэнд хүргэе. Урдах амьдрал нь дардан байж жаргал цэнгэлийн манлайд хүрэхийг хүсье.
Түүний том хүүдээ зориулж бичсэн шүлэг:
“ТӨГСТӨГӨЛДӨР”
Тогтохоо больсон энэ сэтгэлийг ээ
Том хүн чинь уйлж болохгүй биз дээ
Тоодгор хүүдээ ээж нь удахгүй очноо
Том хүн чинь худлаа ярьж болохгүй биздээ
Өрлүү сийгэх шиг гуниг минь дээ
Өвөөгийн чинь өвөр дээрээс хорвоо уудам шүү
Өөр хаана ч байхгүй ээ энэ их жаргал
Өвөр дээрээс нь бууж болохгүй шүү үр минь
Ганцхан жилийн хүлээлтээр хүүгээ хүлээд орхичихсон
Гариг ертөнцийн юм бүхэн надад худал санагдах
Гомдоллоо зөөж хэлд ороогүй дээр нь гээд
Гараад л явчихдаг над шиг ээж орчлонд хэд болоо
Сүүгээр сэтгэлийг нь дэвтээх гэтэл
Сөөдгөр үр минь мөөмнөөсөө гарсан гэнэ
Санаа дагаад ч тэр үү хөх минь учиргүй чинэрч
Саахалтын зайтай бол гүйгээд очдогсонж уу?
Түмэн өдөр буман шөнийн тэнгэр дор
Төөрөг заяаныхаа жимийг даган алхлаа
Төөдөн үрдээ санаа зовинохуй
Төрснөөс илүү хайрлах ижий аав минь тэнд цуг шүү дээ
Өмөлзөөд л уйлчихсан жижигхээн зураг нь түрүйвчинд
Өөр хаана байна ийм их жаргал
Өртөөлөн өртөөлсөөр өргөн Сэлэнгээ зорих
Өр доторх хүн аль хэдий замдаа гарсаан
Гэргий эсвэл ээж аль аль алдар нь надад хүндэдэхсэн
Гэнэн бодлоо би сархад шиг хүртчих юмсан
Гэндэн гундан явсан эжийнх нь халуун нас
Гэрийн босго даван гарахад л чамд минь очно
Өлгийгөөр нь дэр хийгээд дэрлэчихсэн ч
Өнөө шөнө ээж нь дахиад л уйлах байхдаа
Өнгө гандуу цэнхэр цамц зүүднийх нь үнэгийг хөөж
Үнэрийг нь арилтал үр минь нөмөрч унтдаг л байхдаа
Лүндэн лүндэн уулс бидний хооронд хэд бол
Лавай цагаан бэлээр нь галт тэрэгний зам Сэлэнгэрүү
Долоон бурхадын сүүлийн одны дор нутаг минь байгаа
Дүрсгүй үр минь тэр л одоор тоглож суугаадаа
Өндөгөнд нь сүүдрээн хүргэчихсэн шувуудын гомдол
Өрлүү минь тоншоод л байх шиг
Өрөвч сэтгэл хийгээд нинжин ухаан
Үртэй хүнд заяадгийг л ухаарах
Радиогоор Найдандоржийн эхийн сэтгэл
Үрийн минь сонсож өссөн дуу юмсанж уу?
Ренчингийн Чойном үрдээ бичсэн захидал
Өнчин мэлмийнд нь нулимс хурахыг нь харах гэж би эх хүн болсон гэж үү?
Өрлүү сийгэх шиг гуниг миньдээ
Өвөөгийн чинь өвөр дээрээс хорвоо уудам шүү
Өртөөлөн өртөөлсөөр өргөн Сэлэнгээ зорих
Өр доторх хүн аль хэдий замдаа гарсаан...
Бага охин Б.Ундрал
Ээж болохоос өмнө эрх чөлөөтэй зөвхөн өөрийгөө л боддог байсан даа. Өнөөдөр ийм хувцас өмсчихвөл хүмүүс юу гэх бол, туранхай харагдаж байгаа болов уу? гээд л өөрөөсөө асуух минь олон байж.
Харин ээж болчхоод хүүхдээ л гэдэг болсон доо. Бүх зүйл минь, зүрх сэтгэл үр хүүхдийнхээ төлөө л урсаад байдаг болчихсон. Ер нь хүн насан туршдаа суралцаж боловсордог юм байна лээ. Өдөр ирэх тусам зүрх сэтгэлийг минь хайлуулж байгаа хүүхдүүдээ харах тусам том хүн болж байгаагаа мэдэрдэг. Өөрийнхөөрөө байх нь хамгийн том эрх чөлөө юм гэдгийг ч ойлгосон доо.
Бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе. Эрүүл л байгаарай...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)