“Dream Day” хүүхдийн театраас ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын улирлын амралтад зориулан Дэлхийн нэрт хүүхдийн киноны найруулагч, продюсер Жон Эдвард Маскерын шилдэг бүтээлүүдийн нэг сургамжит, хөгжилтэй, хөнгөн өгүүлэмж, этгээд өвөрмөц баатруудаараа хүүхдийн зүрх сэтгэлийг татаж чадсан хүүхэлдэйн кино, эх зохиолоос нь сэдэвчилсэн “Мэлхий гүнж” хүүхдийн жүжиг энэ сарын 18,19-нд тоглогдох гэж байна.
Монголд анх удаа тоглогдох энэхүү хүүхдийн жүжгийг Мөнхбатын Лхагва найруулагчийн уран сэтгэмжээр баяжуулан мэргэжлийн 30 гаруй жүжигчин, уран бүтээлч, авьяаслаг хүүхдүүдийн оролцоотойгоор Монголын хүүхдийн ордны их танхимд толилуулах аж.
Зохион байгуулагчдын зүгээс хүүхдүүд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий тайз, дуу дүрсний эффект, тохижилт чимэглэл бүхий заал танхимыг бий болгох ба хоол үйлчилгээ, үзэсгэлэнгийн бүхээгт төрөл бүрийн сонирхолтой худалдаа үйлчилгээнүүд явагдахаас гадна, хөгжөөнт бэлэгтэй тэмцээнүүд зохиогдохоор төлөвлөжээ.