Парис Сент-Жермен клубийн довтлогч Лионель Месси пүрэв гарагт төрөлх Росарио дахь супермаркет руу халдлага үйлдсэн зэвсэгт этгээдүүдээс заналхийлсэн захидал хүлээн авчээ. Лавалле дүүрэгт байрлах "Юнико" гэх уг хүнсний дэлгүүр нь Мессигийн эхнэр Антонела Рокуццогийн гэр бүлийнх аж.
Уг хэрэг өчигдөр буюу пүрэв гарагийн орой үйлдэгдсэн бөгөөд хэрэгтнүүд дэлгүүрийн хаалт, хашлага руу нийт 14 удаа буудсан байна. Тэд мотоциклтой байсан. Мөн "Месси бид чамайг хүлээж байна. Жавкин бол хар тамхины наймаачин. Тэр чамайг анзаарахгүй" гэх зэргээр сүрдүүлсэн байна.
Пабло Жавкин бол Росарио хотын дарга бөгөөд тэрбээр хэрэг явдлын дараа хүчирхийллийн түвшин, гэмт хэрэг нэмэгдэж байгаа хотод илүү олон цагдаа хэрэгтэй байгаа талаар ярьсан байна. Росарио бол Буэнос-Айресаас хойд зүгт 300 километрийн зайд орших Аргентины төв Санта Фе мужийн хамгийн том хот юм. Уг халдлагын үеэр хүн бэртээгүй ч дэлгүүрт их хэмжээний хохирол учирсан гэж үзэж байна.
Л.Сайнаа