Мексикийн хэд хэдэн хотод засгийн газраас шинэчилсэн сонгуулийн тогтолцоог эсэргүүцэгчдийн жагсаал өрнөж байна. Жагсаалын хамгийн том нь нийслэл Мехико хотод болсон бөгөөд зохион байгуулагчдын хэлснээр 500 мянган хүн хотын төв талбайд жагссан гэжээ.
Хууль тогтоогчид өнгөрсөн долоо хоногт Үндэсний сонгуулийн хороо буюу "INE"-ийн төсвийг танаж, орон тоог цомхотгохоор санал хураалт явуулсан байна. Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор Үндэсний сонгуулийн хороог талцсан хэмээгээд байна.
Харин өрсөлдөгчид нь саяхан болсон санал хураалтыг ардчилалд халдаж, Үндсэн хууль зөрчсөн гэж Дээд шүүхээс хүчингүй болгохыг шаардаж байна. Ням гарагт Мехико хотын түүхэн Зокало талбайд олон хүн цугларчээ. Жагсагчид хотын төвийн зэргэлдээх гудамжуудыг дүүргэжээ.
"Бид ардчиллаа хамгаалахын төлөө тэмцэж байна" гэж жагсагч Вероника Эчеварриа хэлснийг Ройтерс агентлаг иш татжээ. Тэрбээр "Гараа INE-ээс салга" гэсэн бичигтэй малгай өмссөн байв. Жагсагчид үүнтэй төстэй уриа лоозон барьж, тайван жагсаал зохион байгуулсаар байна.