Одоогоос жилийн өмнө буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг дайн зарлаж, хилийн тодорхой хэсгүүд рүү цэргээ илгээсэн билээ. Тэгвэл ВВС агентлаг дайны тухай бүтэн жилийн үйл явдлуудыг 87 секундэд багтаажээ. Тэгвэл та бүхэн дайн хэрхэн эхэлсэн болон сүүлийн үеийн судалгаатай танилц.
Дайны нөлөөгөөр найман сая гаруй хүн эх орноосоо дүрвэсэн гэх судалгаа гарсан. Түүнчлэн энэхүү дайн нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн том зэвсэгт мөргөлдөөн, хүний амь эрсэдсэн үйл явдал болоод байна.
Дайн хэрхэн эхлэв?
2014 онд Орос улс Крымийг өөртөө нэгтгэж , Оросын дэмжлэгтэй хагас цэрэгжсэн бүлэглэлүүд Украины Донбасс мужийн Луганск , Донецк мужуудыг эзлэн авч , бүс нутгийн дайныг өдөөсөн юм . 2021 оны гуравдугаар сард Орос цэргийн хүчээ нэмэгдүүлж , Украины хил дээр 190 мянган цэрэг цуглуулсан. Оросын засгийн газрын албан тушаалтнууд түрэмгийллийн өмнөх өдөр хүртэл Украин руу довтлох төлөвлөгөөг үгүйсгэж байсан. Гэвч 2022 оны хоёрдугаар сарын 21-нд Орос улс Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрөв. Маргааш нь ОХУ-ын Холбооны Зөвлөл цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрч, Оросын цэргүүд хил рүү довтолсон билээ.
Одоогийн байдлаар:
ОХУ-ын дайн эхлэх үе буюу хилийн довтолгооны үеэр 190 мянга орчим цэрэг илгээсэн. Довтолгооны өмнөх нийт цэргийн хүч нэг сая 454 мянга орчим байв. Тэдний 554 мянга нь сайн дурынхан байжээ. Үүн дээр нэмж өнөөдрийг хүртэл 550 мянга орчим цэргийг дайны талбар луу илгээсэн байна.
Харин Украины тал хилийн довтолгооны үеэр 300 мянга орчим цэргийг төвлөрүүлээд байв. Тэдний 100 гаруй мянга нь сайн дурын, олон улсынхан байлаа. Хамгийн сүүлийн үеийн буюу 2022 оны долдугаар сарын байдлаар 700 мянга орчим цэргийн хүчийг дайнд илгээсэн гэх судалгаа гарчээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (8)