Дэлхийд гэмт хэрэг гаралтаараа тэргүүлдэг Эл Сальвадор улсын ерөнхийлөгч Наиб Букелег гэмт хэргийн бүлэглэлтэй хийх тэмцлийнхээ хүрээнд 2000 хоригдлыг урьдчилсан байдлаар асар том шоронд шилжүүлжээ. Уг шорон нь Америк тивдээ хамгийн томд тооцогдох бөгөөд хамгийн багадаа 40 мянга гаруй хоригдлыг багтаах хүчин чадалтай гэнэ.
Он гарсаар тус улсын хүчний байгууллагынхан аян өрнүүлж, хүн амь, хүчирхийлэл, дээрэм тонуул болон бусад гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй 64 мянга хүнийг сэжигтнээр татан баривчилсан байна.
Зураг дээр хоригдлуудын эхний ээлжийг дөнгөлөн, цуваагаар шоронд хүргэж буйг харуулав.
Ерөнхийлөгч Букеле твиттер хуудсандаа "Эхний 2000 хүнийг шоронд шилжүүллээ. Энэ бол тэдний шинэ гэр байх болно. Тэд олон арван жил эндээ амьдарч, цаашид энгийн иргэдэд хор хөнөөл учруулахгүй" хэмээжээ.
Тус улсын ерөнхийлөгч гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг дайн зарлаж, хэд хэдэн удаагийн сунгасан яаралтай арга хэмжээг авсан байна. Эрх баригчид "МС-13", "Баррио-18" зэрэг гэмт хэргийн бүлэглэлүүд хэдэн арван мянгаар тоологдох хүн амины хэрэг, дээрэм, хар тамхины наймаа зэрэг гэмт хэрэг үйлддэг гэж мэдэгджээ. Олон нийтийг хамарсан баривчилгааны зорилго нь бүлэглэлүүдийг бүр мөсөн алга болгох явдал гэж засгийн газраас мөн мэдэгдэв.
Л.Сайнаа