Италийн өмнөд хэсгийн далайн эрэгт модон завь живсний улмаас хамгийн багадаа 59 цагаач, түүний дотор 12 хүүхэд нас барж, олон арван цагаач сураггүй алга болжээ. Хөлөг онгоц Италийн Калабри мужийн Кротоне хотын эрэг орчмын ойролцоо газардах гэж байгаад ийнхүү осолдсон байна. Онгоцонд ойролцоогоор 150 хүн байсан гэж амьд үлдсэн зарим нь ярьсан байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр 30 орчим хүн ор сураггүй алга болж, 80 орчим хүн ослоос амьд гарсан. Түүнчлэн нас барсан иргэдийн дотор хэдхэн сартай нярай байсан нь өр өвтгөм мэдээ болсныг Италийн дотоод хэргийн сайд Маттео Пиантедоси мэдэгдлээ.
Тус завь хэдхэн хоногийн өмнө Турк улсаас хөдөлсөн бөгөөд Афганистан, Пакистан, Сомали, Иран зэрэг орны зорчигчид завинд явсан байна. Тэдний ихэнх нь мөргөлдөөн, ядуурлаас зугтаж яваа дүрвэгсэд бөгөөд Италиар дайрах дүрвэгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр буй юм.
Завь осолдох болсон шалтгаан нь байгалийн давагдашгүй хүчин зүйл, далайн салхины нөлөөгөөр хад мөргөсөн ажээ.
Л.Сайнаа