Монголын шог зургийн “загалмайлсан эцэг” гэгддэг Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байды сар шинийн босгон дээр "Монгол Улсын Ардын зураач" цол хүртлээ. Ийнхүү шог зураачдаас анхны ардын цолтон төрж байгаа юм.
Ц.Байды "Шог зураг бол сэтгэлгээний урлаг" хэмээн хэлсэн байдаг. Тэрбээр сүүлд 2022 онд "Алтан шар зам" шог зургийн 16 дахь үзэсгэлэнгээ олны хүртээл болгож байв.
Ц.Байды нь Дундговь аймгийн Хулд суманд төрсөн. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Байды гуайн аав Цэвэг хэмээх төрийн хар хүн байв. Цэвэгийн удмыг залган төрсөн Байды хүү багаасаа уран зураг сонирхож, улмаар 1974 онд ЗХУ-ын Москва хотын Строгановын Уран зургийн академийг төгссөн мэргэжлийн зураачдын нэг болсон билээ. 1976 онд “Ардын засгийн төлөөлөгч” зургаараа Улсын уралдааны тэргүүн байр, “Баянцогтын говьд”, “Хаалга шинэтгэсний баяр” зургуудаараа Улсын уралдааны 2, 3-р байр эзлэн, 1981 онд Москва хотноо болсон Олон улсын үзэсгэлэнгээс хүрэл медаль хүртэж, 1985 онд “Хүн байгаль” Олон улсын уралдааны тэргүүн байрыг эзэлж байв.