Ойролцоогоор 166 сая гаруй жилийн өмнө амьдарч байсан махан идэшт, аварга үлэг гүрвэлийн ул мөр Их Британийн Йоркширт олдсон нь тухайн бүс нутагтаа хамгийн томд тооцогдоод байна. Уг мөр ойролцоогоор нэг метр гаруй урттай.
Тухайн бүс нутгаас үлэг гүрвэлийн олон мянган мөр олддог. Харин энэ удаагийнх хамгийн томд тооцогдсон нь онцлууштай юм. Уг мөр гурван сарвуут үлэг гүрвэлийн зургаа дахь олдвор болжээ. Хамгийн анх 1934 онд ижил төрлийн мөрийг эрдэмтэд олж илрүүлсэн байдаг.
Хөлийн мөрийг настай нь харьцуулбал түүнийг 2.5-3 метр ташааны өндөртэй, догшин Мегалозавр үлэг гүрвэл хэмээн үзэж байна. Мегалозавр бол 1824 онд Английн Оксфордшир мужаас олдсон ясны нэрээр нэрлэгдсэн дэлхийн анхны албан ёсны үлэг гүрвэл юм.
Тухайн үеийн хамгийн том махчин амьтдын нэг байсан уг махан идэшт үлэг гүрвэлийн гавлын яс нь том, хурц шүдтэй, бие нь 8-9 метр урттай гэдэг. Далайн эрэг дагуу давлагаа ихээр цохидог газруудад балар эртний амьтдын ул мөр жил ирэх тусам бүдгэрсээр буй нь судалгаа, шинжилгээний ажилд ихээхэн саад учруулж байгаа аж.
Л.Сайнаа