БНХАУ-д тэтгэврийн насны ахмадууд улс даяар эрүүл мэндийн тэтгэмжийг танаж, бууруулсантай бологдуулан хоёр дахь удаагаа гудамжинд жагсаал өрнүүлж байна. Тэд өнгөрсөн долоо хоногт уг жагсаалыг анхлан эхлүүлсэн юм.
Тодруулбал, тэд коронавирус анх илэрсэн Ухань хот болон зүүн өмнөд Далянь хотод олноор тэмцэл өрнүүлж байгаа ажээ. Жагсагчдын гол зорилго нь төрийн алдаатай шийдвэрийг эсэргүүцэхийн сацуу жил бүр болдог Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлыг тохиолдуулан Ши Жиньпиний засаг захиргаанд шахалт үзүүлж, татан буулгахад чиглэж буй.
Орон нутгийн эрх баригчид засгийн газраас олгодог ахмадуудын эмчилгээний зардлыг танах тухай мэдэгдлийн дараа хоёрдугаар сарын 08-нд жагсаал эхэлжээ. Энэхүү бодлогын огцом өөрчлөлт нь цар тахалд хамгийн ихээр өртөж, амиа алдах эрсдэлтэй өндөр настнуудын хувьд санаанд оромгүй шийдвэр бөгөөд уг үйл явдал БНХАУ-д жагсаал цуглаан үр дүнгээ өгч эхэлсэн жишээг бататгах оролдлого гэж олон улсын хэвлэлүүд үзэж байна. Өнгөрсөн онд цар тахлын журмыг эсэргүүцсэн олон мянган залуус тэмцэл өрнүүлж, улмаар БНХАУ-ын засгийн газар хөл хориогоо зөөлтгөсөн билээ.
Л.Сайнаа