“3Х3” төрлийн залуучуудын шигшээ багийн тамирчин, “Тэнүүн Өлзий Металл” багийн тоглогч Батзоригийн Сүхбаттай ярилцлаа.
-Бэртлээс эргэн ирж тоглож байна. Бэртэл гэмтэл хэр байна вэ?
-Улирал эхлэхэд шагайндаа бага зэргийн бэртэлтэй байсан. Тиймээс тоглолтод өөрийгөө бүтэн 100 хувь зориулж чадахгүй байсан. Шагайн бэртэл гайгүй болж байгаад дахиад сэдэрсэн. Хоёрдугаар тойргийн эхний тоглолтод бэртээд 5-6 тоглолт өнжөөд одоо л бэлтгэлдээ хамрагдаад формдоо орох гэж хичээж байна.
-Дээд лигийн хүснэгтийн хоёдугаар байранд бичигдэж байгаа. Улирлыг хэрхэн дүгнэж байна.
-Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа ч манай багийн хуьд өөрсдийнхөө санасан хэмжээнд хүрч тоглож чадахгүй байгаа. Довтолгоо, хамгаалалтад бага зэргийн алдаа тоглолт болгонд гарч байгаа. Дээд лиг эхлэхээс хоёр сарын өмнөөс бэлтгэлдээ гарсан. Хожсон тоглолтуудад илүү багаараа тоглосон байдаг. Хувийн тоглолтууд их хийхээр хожигдсон гэж дүгнэж байгаа. Хасагдах шатанд энэ алдаануудаа засаад орно гэж бодож байна.
- “Тэнүүн Өлзий Металл” багийн хувьд лигт тоглож байгаа багуудаас насны хувьд залуу. Өмнө жил дөрөвдүгээр байрт орж өндөрлүүлсэн. Энэ жил мэдээж түрүүлэх бодолтой байгаа байх. Лигийн бусад багуудыг хэрхэн харж байна вэ?
-Энэ жилийн хувьд лиг нилээд ширүүхэн болж байна. Өнгөрсөн жилийн нэгдсэн дээд лигтэй харьцуулбал багууд илүү чанартай, хүчтэй орж ирж байна. Манай багийн хувьд өнгөрсөн жил дөрөвдүгээр байранд ороод тиймхэн дууссан. Энэ жилийн манай багийн амбийц бол түрүүлнэ гэсэн зорилготой байгаа. Лигийн 10 багт хэн нь муу, хэн нь сайн баг гэж байхгүй бүгд нэг нэгнээ хожих магадлалтай. Яг тоглох тоглотуудддаа фокуслаад хожоод явахыг хүсч байна.
-“Эрдэнэт Майнерс”-тай тоглосон улирлын тоглолт нэгдүгээр тойргийн онцлох тоглолт байлаа. Тэр тоглолтын талаарх таны сэтгэгдэл.
-Тэр тоглолтод Д.Дэлгэрням, З.Мөнхтөр болон би оролцоогүй. Манай багийн хувьд анхнаасаа хүчтэй тоглоно гэсэн бодолтой талбай дээр тамирчид маань гарсан. Эхнээсээ дуустал 20 оноогоор хожсон ч, 20 оноогоор хожигдсон ч бүх хүчээ зориулж тоглоно гэж гарсан. Харамсалтай нь сүүлийн мөчид хожигдсон.
-ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг эх орондоо үзэх хэр байв. Шигшээ багийг хэр тоглосон гэж дүгнэж байна вэ?
-Маш сайн тоглосон. Нэгдүгээр шатанд тоглосноосоо илүүг гаргаж чадах ах нар болон найзууд байгаа. Хоёрдугаар шатанд илүү хүчтэй оролцоод Монголчуудаа баярлуулах байх гэж найдаж байна.
-Б.Сүхбатын хувьд “3Х3”-аар тоглодог. Бэлтгэл сургуулилтаа хийж байна уу. Аль насны ангилалд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа вэ?
-Залуучуудын шигшээ багт байдаг. “5Х5”-ын лиг эхэлсэн байгаа учир “3Х3”-ын бэлтгэл орохгүй завсарласан байгаа.
-Долоо хоногийн хэдэн өдөр бэлтгэл хийж байна вэ?
-Долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэж хийж байна. Өдрийн хоёр бэлтгэл заримдаа өдөрт нэг бэлтгэл гэхээр долоо хоногтоо 10 бэлтгэл хийж байгаа.
-Хүчний бэлтгэл хэр хийж байгаа вэ?
-Хүчний бэлтгэл дээр баг болгон тусдаа дасгалжуулагч, эмчтэй болсон. Бүх зүйл шинжлэх ухаан талаасаа хөгжиж байгаа. Манай багийн хувьд дасгалжуулагчтайгаа хамтраад багаараа болон ганцаарчилсан хүчний бэлтгэл их хийдэг.
-Багийнхаа гол онцлогийг юу гэж харж байна. Бусад багаас ялгарах ялгарал гэвэл юу вэ?
-Хурд. Манай баг бол бусад багуудаас илүү хурдтай. Эрч хүчтэй гэж би боддог. Тиймдээ ч хожигдож байхдаа ч бариад ороод ирдэг, үүнийгээ давуу тал болгож тоглодог.
-Улирлын тоглолт дуусч байна. Хасагдах шатанд аль багтай тоглох бол гэсэн таамаг, судалгаа гаргасан уу?
-Хүснэгтийн 3-6 байранд яваа багууд хожил, хожигдлын харьцаа ойрхон явж байгаа. Улирлын сүүлийн тоглолтуудаас шалтгаалаад байрлалууд нь тодорхой болно. Одоохондоо сайн мэдэгдэхгүй байгаа. Хасагдах шатанд энэ багтаа таарч тогловол дээр гэсэн юм байхгүй. Надад ч болон манай багийнханд ч байхгүй. Түрүүн хэлсэн шиг бүх баг адилхан хүчтэй. Улирлын тоглолтоо дуусгаад яг учраа таарсан багаа мэдээд хүчтэй орж ирнэ. Тэрнээс энэ багтай таарна гэж бодсон юм байхгүй байна.
-Хувь тамирчны хувьд ямар бэлтгэлийг илүү анхаарч хийж байна. Нэг төвшин ахиулъя гэж бодож хийж байгаа бэлтгэл байгаа юу?
-Өнгөрсөн жил миний хувьд жаахан хүчний тоглотоор дутуу байсан. Энэ жил зунжин хүчний бэлтгэл хийгээд гайгүй хүчтэй болсон гэж бодож байгаа. Харин сая бэртлээсээ эргэж ирээд хөл яг 100 хувь эдгээгүй. 70-80 хувьтай эдгэсэн байгаа. Өмнө жилээс жаахан удаан, үсрэлт муу байгаа байх. Хурд, үсрэлтэндээ анхаарч байгаа. Багтаа бас уусах тал дээр ажиллаж байна.
-“Хүлэгүүд” багтай хийсэн тоглолтод танай легионер тоглогч Кристофер Блейк маш сайн тоглож, хожлын шидэлт амжилттай гүйцэтгэсэн. Блейкийн талаар, болон тухайн тоглолтын талаарх таны бодол. Бусад багийн легинороос давуу талыг юу гэж харж байгаа вэ?
-Блейкийн хувьд тоглолтоосоо гадна сэтгэлзүй сайтай тамирчин. “Хүлэгүүд”-тэй тоглосон тоглолтод Блейк илүү тоглолттой байсан. Алсын зайнаас 10 шидэж 8 хийсэн. Эхний үеэс л тоглолттой байгаа нь ажиглагдаж байсан. Миний хувьд довтолгоо тал дээр оролцохгүй, эсрэг багийн А.Ананд сайн тоглолттой байсан. “3Х3” дээр ч хамт бэлтгэл хийдэг учир А.Анандыг илүү хамгаалах үүрэгтэй талбай дээр намайг гаргасан. Тиймээс миний хувьд хамгаалалтад илүү анхаарч, довтолгоонд оролцохыг хүсээгүй. Багтаа маш сайн хамгаалалтаар тус болъё гэж бодож тоглосон.
-Блейк сүүлийн шидэлтийг гүйцэтгэж байхад юу бодогдож байсан вэ?
-Ерөнхийдөө итгэлтэй байсан. Ямар хожигдож байгаа биш тэнцүү явж байсан. Шидэлтээ алдсан ч нэмэлт цаг сунгаад тоглох байсан. Жижгээ бөмбөг таслаад Блейк рүү өгсөн. Угаасаа хийнэ гэдэгт итгэж байсан.
-Багийн дасгалжуулагчтай цуг хоёр дахь улиралдаа дээд лигт тоглож байна. Багийн дасгалжуулагчийн хувьд таны бодол. Түрүүлнэ гэсэн амбийцтай байгаа гэсэн учир асууж байна. Түрүүлэхэд дасгалжуулагчийн зүгээс гол хөшүүрэг нь юу гэж харж байна вэ?
-Б.Ганхөлөг дасгалжуулагчтай “Sprite”, 21 аймгийн лиг гээд сүүлийн 4-5 жил цуг байгаа. Энэ жил дасгалжуулагчийн бидэнд өгч байгаа зөвлөгөө гэвэл сайн хамгаалалт, хамгаалалтаас бүх юм эхэлнэ. Хамгаалахгүй баг 200 оноо авсан ч, нөгөө баг нь 201 оноо аваад хожно. Хамгаалалтаас л бүх юм эхлэнэ гээд энэ жил түрүүлнэ л гэж бодож байвал хамгийн том түлхүүр, хөшүүрэг нь хамгаалалт гэж байнга захиж, бэлтгэл дээр байнга хамгаалалт давтаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (2)