“Тэнүүн Өлзий Металл” багийн легионер тоглогч Кристофер Блейктэй ярилцлаа. Тэрбээр багийнхаа улирлын 10 дахь хожлыг авахад 44 оноо авч, хожлын шидэлт гүйцэтгэсэн. Мөн энэ улирлын”Бүх Одод”-ын тоглолтын легионер тоглогчдын гарааны тоглогчоор нэрлэгдээд байна. Блейкийн хувьд энэ улиралд дундаж оноо авалтаар 25.7 гэсэн үзүүлэлтээр гуравдугаарт, дундаж хаалтаар 1.4 үзүүлэлтээр тавдугаарт, бөмбөг таслалтаар 4.6 үзүүлэлтээр лигт нэгдүгээр байрт бичигдэж байна.
-Улирлын 10 дахь хожлоо авсанд баяр хүргэе. Тус тоглолтод 44 оноо авч, хожлын шидэлт гүйцэгдсэн. Энэ тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцана уу.
-“Хүлэгүүд” багтай хийсэн тоглолт эхнээсээ маш хүнд тоглолт болсон. Улирлын бүх тоглолт их чанга болж байгаа. Байрлалын төлөөх тоглолтууд учир бүх тоглолтод хичээж тоглож байна. Багийн гишүүд болон дасгалжуулагч надад маш их итгэсэн, тэр итгэлийг алдалгүй шидэлтээ амжилттай болгосондоо баяртай байгаа.
-Дээд лигт хоёр дахь улиралдаа ирж тоглож байна. Өмнөх улирлаас энэ улирлын тамирчны чансаа хэр болсон гэж харж байна.
-Өмнө жил Дээд лигт ирж тоглохдоо улирлын тоглолтод оролцоогүй. Зөвхөн хасагдах шатны тоглолтод оролцохоор ирж байсан. Энэ жилийн хувьд багийн гишүүдтэй маш удаан хамт бэлтгэл сургуулилтад хамрагдаж ах дүүс шиг дотно болж чадсан. Түрүү жил улиралд тоглож үзээгүй учир сайн таниж мэдэж чадаагүй. Ганцхан багийн эсрэг тоглосон учир мэдээлэл бага байсан.
-Өмнө улирал хасагдах шатанд тоглохоор ирэхдээ бүтэн тоглож чадаагүй. “Завхан Бродерс” багийн хувьд шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж хоёрдугаар хагаст гарж ирээгүй. Тэр үед юу гэж бодож байсан вэ? Таны хувьд хоёрдугаар хагаст ганцаараа талбайд байсан.
-Их муухай мэдрэмж авсан. Яагаад гэвэл би тоглохыг үнэхээр их хүсч байсан. Манай багийн хувьд тийм ч их оноогоор хожигдоогүй байсан. Би гарахыг, тоглохыг хүсч байсан. Талбай дээр ганцаараа гарч ирээд багийн тамирчдаа гарч ирэхийг хүлээсэн ч гарч ирээгүй.
-“Тэнүүн Өлзий Металл” багаас хэзээ тоглох санал хүлээж авсан вэ? Өмнө улиралд эсрэг тоглосон баг. Саналыг хэрхэн хүлээж авсан вэ?
-Саналыг бол улирал эхлэхээс өмнө хүлээж авсан. Тэгэхдээ миний сошиал медиа аккаунт түгжигдсэн байсан ч менежер маань надтай холбогдож санал тавьсан. Санал хүлээж авахад сонирхолтой байсан. Яагаад гэвэл түрүү жил хожигдсон багтаа ирж тоглоно гэдэг нь сонирхол татсан зүйл байсан.
-Энэ улирлын “Бүх Одод”-ын тоглолтын легинор тоглогчдын гарааны тавд нэрлэгдсэн. Сэтгэгдэл хэр байна.
-“Бүх Одод”-ын тоглолтод сонгогдсондоо баяртай байгаа. Миний хувьд очиж тоглосон газар болгондоо “Бүх Одод”-ын тоглолтод оролцох хэмжээний сайн тоглохыг хичээдэг. Хамгийн гол нь өөр оронд анх удаагаа “Бүх Одод”-ын гарааны тоглогч болж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн тоглолтод хөгжөөн дэмжигч, багийн гишүүд, эзэн болон бүх хүмүүст зориулж “ShowTime” хийх болно.
-Дээд лигт тоглож байгаа тамирчдаас “Apes” багийн Summers болон Блейкийн хувьд пүүзний сонголт содон байгаа. Нэг нь “Jordan-1”, нөгөөх нь “Jordan-11”-тэй тоглож байна. Яагаад заавал энэ пүүзийг сонгох болов.
-Багаасаа л Жордан загварын пүүз өмсөж тоглодог байсан. Тийм учраас надад “Jordan-11, 12,8” загварын пүүзнүүд тоглоход тухтай санагддаг. Жордан загварын пүүзнүүд миний хамгийн дуртай, өмсөх дуртай загварууд.
-Монгол Улсад өвөлжлөө. Өвлийн улирал хэр санагдав.
-Үнэхээр хүйтэн. Би Америкийн Албама мужаас ирсэн. Албама мужийн хувьд дулаахан газар. Би анх 12 байна уу, 13 насандаа цас харж байсан. Гэтэл энд ирснээс хойш цасан шуурга болоод дунджаар -20, -30 градус байгаад үнэхээр хүйтэн. Миний амьдралын хэв маягт өөрчлөлт оруулж, их туршлага болж байна.
-Монгол хоолондоо дуртай болов уу? Монголын хоол хүнсэнд хэр дасаж байна.
-Таалагдаж байгаа. Манай найз охин ч Монгол хоолонд дуртай байгаа. Бидний хувьд шинэ зүйлийг үргэлж сурахдаа дуртай байдаг. Миний хамгийн дуртай Монгол хоол гэвэл бууз. Эндэхийн мах үнэхээр гоё амттай. Фермийн биш, мал нь өөрөө бэлчээрээр өвс тэжээлээ авч байгаа нь махыг илүү гоё амттай болгодог байх. Тэр нь надад маш их таалагдаж байгаа.
-Удахгүй Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар” болно. Баярын талаарх ойлголт байгаа юу? Монгол үг хэлж сурсан уу?
-Баярлалаа, Хаб, хаб, гоё андаа гэдэг үг хэлж сурсан. Цагаан сарын талаар мэдээлэл байхгүй байгаа. Миний хүсэн хүлээж байгаа баяр Валентин байна. Цагаан сарын мэдээлэл гэвэл хоол сайн идэж, оройн хоолонд орох юм шиг байна лээ.
-Дээд лигт тоглож байгаа тоглогчдоос хамгийн өвөрмөц, гоё сэтгэл хөдлөл, эмоци харуулдаг. Шидэлтээ амжилттай гүйцэтгээд сумаа аваад, нум сум харваж байгааг дүрсэлдэг. Энэ үзүүлбэрээ хэзээнээс хийж эхэлсэн вэ?
-2016 оноос эхлэн хийж эхэлсэн. Алсын зайн шидэлтээ амжилттай болгоод хийж байгаа нь миний дотор хүнийг маань илтгэж буй мэт санагддаг.
-Ярилцсанд баярлалаа. Улиралд нь амжилт хүсье, аварга болоорой.
-Баярлалаа. Миний гол зорилго бол аварга авах. Хичээх болно, баярлалаа.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (2)