Турк болон Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй газар хөдлөлт өчигдрөөс эхлэн үргэлжилсээр байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уг газар хөдлөлтөөс үүдэн олон зуун барилга, байшин сүйрч, 4000 орчим хүний амь эрсдээд байна. Энэ тоо цаашил өсөх хандлагатай байгаа. Тэгвэл бид та бүхэнд дэлхий дээрх хамгийн хүчтэй, хамгийн их хохирол учруулсан, хамгийн том таван газар хөдлөлтийг танилцуулж байна.
1. Чили, Валдивиа - 1960 он - 9.5 магнитуд
Чилийн их газар хөдлөлт гэгддэг энэхүү гамшиг нь дэлхий дээр урьд өмнө бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт байлаа. 1960 оны тавдугаар сарын 22-ны үдээс хойш буюу орон нутгийн цагаар 19:11 цагийн орчимд газар хөдлөлт Чили улсын эргээс 160 км-ийн зайд, Валдивиа хотод болжээ. Энэ нь ойролцоогоор 10 минут үргэлжилсэн бөгөөд 25 метр орчим өндөр, асар том давлагаа бүхий цунамиг үүсгэсэн байна. Гол цунами Чилийн эргийг хүчтэй цохиж, Номхон далайн нөгөө эрэг дэхь, Хавайн Хило хотыг сүйрүүлсэн гэдэг. Газар хөдлөлтийн голомтоос 10,000 км зайд, Япон, Филиппин хүртэл 10,7 метр өндөр давалгаанд цохигдсон нь багагүй хохирол үзүүлж байв.
Уг газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо тодорхойгүй гэдэг ч сүүлд тооцсон судалгаагаар цунамигийн улмаас амиа алдагсдын нийт тоог 1000-6000 хэмээсэн бол 3000 орчим хүн шархадсан ажээ.
2. АНУ, Аляскийн их газар хөдлөлт - 1964 он – 9.2 магнитуд
1964 оны АНУ-ын Аляска мужид 1964 оны гуравдугаар сарын 27-ны баасан гаригт 9.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ нь ойролцоогоор дөрөв гаруй минут үргэлжилсэн бөгөөд АНУ-ын түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтөөр бүртгэгджээ. Газар хөдлөлтийн улмаас 27 фут (8.2 метр) цунами үүсэж, Ченега тосгон сүйрч, тэнд амьдарч байсан 68 хүний 23 нь амь үрэгдсэн гэдэг.
3. Суматрагийн газар хөдлөлт - 2004 он – 9.1 магнитуд
Сүүлийн 30 жилд тохиосон хамгийн олон хүний аминд хүрсэн байгалийн гамшгийн нэг болох 2004 оны Суматрагийн газар хөдлөлт нь Энэтхэгийн далайд арванхоёрдугаар сарын 26-ны өдөр тохиожээ. Газар хөдлөлтийн төв нь Индонезийн Суматра арлын баруун эрэгт болсон. Энэ нь 1500 км зайг хамарч, хамгийн их хохирлыг учруулжээ. Үүний улмаас 30 метр өндөр давлагаа үүсэж, 250 мянга гаруй хүний аминд хүрсэн гэдэг. Энэ нь Хирошимагийн атомын бөмбөгөөс 1500 дахин их энергитэй тэнцэх боловч урьд өмнө нь дэлбэрсэн хамгийн том цөмийн зэвсэг болох Цар Бомбагийн хүчнээс бага байсан аж.
4. Тохокугийн газар хөдлөлт - 2011 он – 9.1 магнитуд
2011 оны гуравдугаар сарын 11-ний баасан гарагт Японы арлын ойролцоо далайн гүнд хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас 40.5 метр өндөр давлагаа бүхий асар том цунами үүсгэсэн. үүнээс үүдэн 10 км газар нутаг бүхэлдээ усанд автсан байна. Мөн нисэх онгоцны буудал, авто зам, төмөр зам эвдэрч, 127,290 барилга бүрэн нурж, 272,788 барилга хагас нурж, 747,989 барилга хэсэгчлэн эвдэрч, олон мянган хүний амь эрсэдсэн юм.
5. ОХУ, Камчаткын газар хөдлөлт -1952 он – 9.0 магнитуд
1952 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Оросын алс дорнод хэсэгт орших Камчатка хойгийн эрэгт хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ нь 15 метр хүртэл өндөр давлагаа бүхий Номхон далайг хамарсан асар их сүйрлийн цунами үүсгэж, Камчаткийн хойг болон Курилын арлуудад их хэмжээний хохирол учруулж, ойролцоогоор 10-15 мянган хүний амийг авсан. Энэ нь Хавайн арлуудад маш их хохирол учруулж байсан ч цунамигийн улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд түрлэг нь Далайн давлагаа Перу, Чили, Шинэ Зеландад хүрчээ. Аляска, Алеутын арлууд, Калифорнид 1.4 метр (4.6 фут) хүртэл цунамигийн давалгаа ажиглагдсан.
Л.Сайнаа