Өчигдрөөс эхэлж, Турк болон Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан аймшигт газар хөдлөлтийн дараа нутгийн иргэд болон онцгой байдлын албан хаагчид нурангид дарагдсан иргэдийг аврах, эрэн хайх ажиллагаа явуулж буй.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Турк улсад 2379 хүн нас барж, хэдэн мянган хүн гэмтэж бэртэж, хамгийн багадаа 5606 барилга нурсан гэж Туркийн Гамшиг, Онцгой байдлын агентлагаас мэдээллээ. Харин хөрш зэргэлдээ Сирид 1136 хүн нас баржээ. Сирийн төрийн мэдээллийн SANA агентлагийн мэдээлснээр, засгийн газрын хяналтад байгаа бүс нутгууд буюу голдуу Алеппо, Хама, Латакиа, Тартус зэрэг бүс нутагт ойролцоогоор 700 гаруй хүн нас бараад байна.
Газар хөдлөлт эхэлсэн цагаас үргэлжлэн өдрийн турш олон удаагийн чичиргээ мэдрэгдсээр буй. Тэдгээрийн хамгийн хүчтэй нь 7.5 магнитудын хүчтэй байсан нь анхны газар хөдлөлтөөс есөн цагийн дараа Туркт болсон гэж USGS мэдээлэв. Тэрхүү газар хөдлөлт эх газраас хойд зүгт 95 км (59 миль) зайд болсон ажээ. Одоогоор амиа үрэгдэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд уг байгалийн давагдашгүй хүчин зүйл Евро-Азийн бүс нутагт тохиосон томоохон газар хөдлөлтөд тооцогдож байна.
Л.Сайнаа