Манай сайтын цоо шинэ булан болох “Долоо хоногийн онцлох хүн” буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр "IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжинг онцолж байна
Хөрөнгө, арилжааны зах зээлд амжилттай яваа төдийгүй цахим орчинд бусдад нөлөөлдөг нэгэн бол О.Мөнхжин. Түүнийг долларын саятан хэмээн нэрлэх нь ч бий. IHC койныг зах зээлд нэвтрүүлснээр залуучууд тус койнд шуурч, худалдан авалт хийж эхлэв. Ийнхүү зах зээлд нэвтрүүлсэн койн нь өндөр борлуулалттайгаар Монголын залуусд танигдсан. Харин энэ оны эхээр буюу өнгөрсөн сард спортын сэтгүүлч С.Шижирбат “О.Мөнхжин койн гаргаж, хүмүүсийг залилж байна” гэсэн утгатай мэдээллийг олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдээллээс болж “гүтгэлээ, нэр хүндэд халдлаа” хэмээн иргэний шүүхээр хүртэл шүүгдээд амжсан.
Өөрөөр хэлбэл, нэр хүндээ шүүхээр сэргээлгэх хэмжээний хамгаалдаг нэгэн болж таарав. Харин энэ долоо хоногт түүний нэр хүнд хамгаалагдсангүй бололтой.
Хоёрдугаар сарын 1. “IHC” койн худалдаж аваад 140 сая төгрөгөө алдсан гэх эмэгтэй мэдээлэл хийв. Тэрбээр О.Мөнхжингийн сторид найдаж 142 сая төгрөгөөр койн худалдан аваад, ердөө хоёр сая төгрөгтэй үлдсэн гэсэн юм. Харин энэхүү мэдэгдлийн дараа О.Мөнхжин “Энэ бол гүтгэлэг. Би IHC гарахад битгий ав, бүү ойрт, хол бай хэмээн хэлж байсан” хэмээн тохууран, мэлзэж орхив. Төд удалгүй "IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр баривчлан 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж эхэлсэн юм. Тухайлбал, IHC-ыг гаргасан "Их бит" компанийн дээрх удирдлагууд компаныхаа 25 хувийг өөрсдийн хамаарал бүхиий этгээдүүдийн нэрээр зах зээлд нууцаар IHC койн нийлүүлж, худалдан борлуулсныг тогтоосон юм.
О.Мөнхжингийн хэлснээр өөрийн койныг иргэдэд албадан шахаагүй бөгөөд бүх мөнгөөрөө койн худалдан авсан нь тухайн иргэний өөрийн сонголт байлтай. Гэсэн ч IHC койныг худалдан авсан тул тус койныг зах зээлд нэвтрүүлсэн эздэд хамаарах нь зүйн хэрэг. Өмнө нь О.Мөнхжинг олон улсын криптовалютын сайтад IHC койныг гурван өөр хугацаанд гурван койн гаргахдаа ижил нэрээр гаргасан нь иргэдийг төөрөгдүүлж, залилсан байх үндэслэлтэй хэмээн үзсэн шүүхийн шийдвэр ч бий.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (10)