“Ворлд плас” компанийн гаргасан WPL койныг авч хохирсон хэмээх иргэн С.Бат-Очир мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Ворлд плас буюу WPL гэдэг коин гарч, нийтдээ арав орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Энэ коиныг “Ворлд плас дижитал” гэдэг компани гаргасан. Уг компанийн улсын бүртгэл дээрх эцсийн өмчлөгч, эзэн нь тухайн үед Хакухо М.Даваажаргал аварга, мөн нэр бүхий япон хүн байсан. Энэ хүн нь Японы парламентын гишүүн байсан гэсэн. Мөн Х.Эрдэнэбаяр гэж хүн бий. Энэ хүмүүс нийлж өөрсдийн эзэмшлийн компаниараа дамжуулж коин гаргасан.
Энэ койныг гаргасныхаа дараа тус компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийж “Бид коинуудаа ямар нэг нөхцөлгүйгээр буцааж худалдаж авна” хэмээсэн. Жилийн 24 хувийн өгөөж өгч, буцаан худалдан авна гэх мэдээллийг өгч зарсан.
Харин койноо буцааж худалдаж авахаар заасан хугацаа нь болоход олон шалтгаан хэлж, хойшлуулсаар байсан. Тухайн үед буюу 2022 оны дөрөвдүгээр сард очиж уулзаж цагдаа, шүүхэд хандахаа илэрхийлсэн. Тэгэхэд гаднаас хөрөнгө оруулалт татаж, зургаадугаар сард коиноо буцааж худалдаж авна хэмээсэн.
Гэтэл одоо Х.Эрдэнэбаяр гэдэг хүн сураггүй болсон. Компанийн үндсэн эзэмшигчээс дээр дурдсан нэр бүхий хоёр хүн хасагдсан байна. Бидний сайн мэдэх хүн монголчуудыгаа хуурахгүй байх гэж итгэсэн.
Энэ койны үнэ 50 дахин унасан. Тухайн үед энэ коинд итгэж 1 сая төгрөгөөр худалдан авалт хийсэн хүн 20 мянган төгрөгтэй болсон гэсэн үг. Мөнгөө босгочхоод өөрсдөө алга болдог ёсзүйгүй байж болохгүй. Бид хохирсон мөнгөө олж авахын тулд эцсээ хүртэл явна.
Бажи, Ялалт зэрэг олны танил хүмүүс ч энэ койныг сурталчилж байсан.
Хакухо М.Даваажаргал “Ворлд плас” компанийн гаргасан WPL койны асуудал дээр тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой. Бид Хакухо аваргыг компаний эзэмшигч байхад нь тэр хүнд итгэж л хөрөнгө оруулалт хийсэн.
Мөнгө босгох болохоор компанийн эзэмшигч болчихдог, мөнгөө авчингуутаа компаниас өөрийгөө хасаад алга болчихдог ийм ёс зүйгүй байж болохгүй гэж бодож байна” гэв.
А.Сүх