Ираны 20 гаруй насны хос гудамжинд бүжиглэж буй бичлэгээ нийтэлснээсээ болж 10 жилийн хорих ял сонсчээ. Тодруулбал, хосууд нийтэлсэн бичлэгтээ Ираны Тегераны Азади буюу эрх чөлөөний цамхгийн дэргэд бүжиглэсэн гэнэ. Өдгөө 21 настай Астиаж Хакики болон түүний сүйт залуу 22 настай Амир Мохаммад Ахмади нарыг "авлига, биеэ үнэлэлтийг сурталчилсан, үндэсний аюулгүй байдлын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан, төрийн байгууллагын эсрэг суртал ухуулга явуулсан" хэргээр буруутгаж байгаа юм.
Загвар зохион бүтээгч мэргэжилтэй Хакикигийн гэрт баривчлагаанаас өмнө нэгжлэг хийсэн ажээ. Тэдэнд тулгараад байгаа асуудлаар эдлэх ял нь хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор сонсоод буй 10 жилийн ял нь тэдний эдлэх ялын нийлбэр юм.
Өнгөрөгч оны есдүгээр сард Иран улсад Махса Амина гэх бүсгүй цагдаад баривчлагдсаныхаа дараа амиа алдсанаас болж тус улсад үймээн дэгдэж, иргэдийн эсэргүүцлийн жагсаал болсон билээ. Уг жагсаалд оролцсон, удирдсан хүмүүст хүнд ял оногдуулах нь энгийн үзэгдэл болоод буй. Түүнчлэн 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсон Ираны шигшээ баг тоглолт эхлэхийн өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзан, амаа дарсан нь Ираны эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн юм.
Л.Сайнаа