Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Улсын Их Хурлын даргатай уулзаж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Тэрбээр “Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн мөнгөний бодлогод тодорхой асуудлууд тусгагдсан байгаа. Уул уурхайн бус экспорт, тэр дундаа ноолуурыг нэмүү өртөг шингэсэн, боловсруулалт сайтай бүтээгдэхүүн болгохоор холбогдох яамтай хамтран ажиллаж байгаа.
Мөн 2023 онд эдийн засгийг 4,5 хувийн өсөлтөөс бууруулахгүй байх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, импортын оруулах ямар ажил хийвэл зөв байх талаар тодорхой төсөл бэлдсэн. Энэхүү төслийг УИХ-ын даргад гардуулж өглөө.
2022 онд Төрийн банк, Голомт банк хувьцаа арилжаалсан. Зургаан сар хүрэхгүй хугацаанд Хаан банк, Хасбанк, Худалдаа хөгжлийн банк хувьцаагаа арилжаална. Амжилттай явна гэсэн хүлээлттэй байгаа. Өөр нэг зүйл гэвэл, банкны хувьцаа эзэмшигчийн дээд хязгаар гэж бий. Зарим банкуудын хувьд томоохон хувьцаа эзэмших магадлалтай байгаа учраас энэ ондоо багтааж 20 хувьд нь оруулна. Энэ бол төвөгтэй, хүнд даалгавар юм. Үүний дагуу төв банкны зүгээс тодорхой ажил хийгээд явж байна.
Бид 10 мянган тонн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргавал жилд дунджаар 1.5 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэсэн тооцоо гаргасан.
Нэг жишээ дурдахад, өнгөрсөн 2022 онд “Оюу толгой” компанийн орлого 1.4 тэрбум ам.доллар байсан. Бид ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортолж чадвал энэ хэмжээний орлого олох бүрэн боломж бий” гэв.
Д.Батчулуун