Манай сайтын цоо шинэ булан болох “Долоо хоногийн онцлох хүн” буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр “NS” хамтлагийн дуучин Н.Энэрэлсайханыг нэрлэж байна.
Бид бүгдийн хүсэн хүлээн үздэг шоу бол “The Voice of Mongolia”. Уг шоуны явцад төрсөн анхны охидын хамтлаг бол “NS” хамтлаг юм. Тус хамтлаг Н.Энэрэлсайхан, Г.Саруултуяа гэсэн хоёр гишүүнтэй уран бүтээлээ туурвисаар буй. Тэд эхний шатандаа хоёул Д.Болд шүүгчийг сонгосон бөгөөд хамтлаг болох эхлэл тийнхүү тавигдсан гэхэд болох юм. Ийнхүү “Халз тулаан”-ы шатанд тэд Д.Болд шүүгчийн хамтлаг болгох саналыг хүлээн авснаар хамтлаг болсон түүхтэй. “The Voice of Mongolia” шоу дууссан ч тэд шүүгч Д.Болдын “B Production”-тай хамтран ажилласаар өдийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, “NS” хамтлагийн сонголт бол Д.Болд шүүгч, “B Production” байв.
Тэгвэл долоо хоногийн өмнө “NS” хамтлагийн дуучин Н.Энэрэлсайхан Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “B Production”-тай хийсэн гэрээ болон уран бүтээлчдийнхээ хөдөлмөрийг мөлждөг талаар олон нийтэд мэдээлсэн.
Н.Энэрэлсайханы мэдэгдлийн дараа цахим орчинд хамтлаг дуучид, продюсеруудын 60/40, 50/50, 100/0 гэсэн харьцаатай хамтран ажилладаг байсан гэх харьцаанууд хөвөрсөөр л. Мөн уран бүтээлчдийн дунд Н.Энэрэлсайхан, “B Production” гэх талцал бий болсон гэхэд хилсдэхгүй болов уу.
Үүний зэрэгцээ тус продакшны артистууд буюу “NS” хамтлагийн гишүүн Г.Саруултуяа болон Г.Анужин нар өөрсдийн цахим хуудсаараа энэ талаар мөн мэдээлсэн юм.
Н.Энэрэлсайханы тус мэдээлэл олон нийтийн сүлжээнд хүн бүхэнд хүрч, “B Production”-ыг мэдэгдэл гаргахад хүргэв. “B Production” тайлбар мэдэгдэлдээ ”Н.Энэрэлсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд худал мэдээлэл тараасан тул залруулга гаргахыг хүсэж байна. Мөн шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ” гэсэн юм. Ийнхүү хоёр талаас өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн мэдээлэл гаргасан ч тус маргаан шүүхийн шатанд очихыг үгүйсгэхгүй.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)