"Цагаан сар"-ын баяр тохиож буй энэ өдрүүдэд иргэд баярын бэлтгэлээ базааж, олон төрлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж буй. Энэ үеэр "Турк хэвийн боов" зарж байна гэх пост фейсбүүкт тавигдсаныг олж харав. Иргэд үүнд эгдүүцэлтэй хандаж, "Арай ч үгүй байлгүй дээ", "Одоо байтлаа Туркээс хэвийн боовоо худалдаж авах уу" гэх зэргээр хошигносон, дургүйцсэн хандлага үзүүлж байна.
Бидний нэрлэж заншсанаар "хэвийн боов" буюу ул боов, гавсай гэдэг нь усаар зуурч, элдэж хавтгайлсан гурилан бүтээгдэхүүн бөгөөд цагаан сар, наадам зэрэгт хүндэтгэлийн идээ тавганд өрж засдаг идээ юм. Хүн хоёр хөлөөрөө хорвоог туулж, орон зайнаас орон зай руу урагшлахын бэлгэдэл болсон "ул боов" гэж нэрлэсэн ажээ.
Бидний хувьд ихэвчлэн гэртээ хийх, эсвэл "Бамбууш", "Атар" брэндийн бүтээгдэхүүнээр тавгаа засахын сацуу "Гандангийн хэвийн боов"-ыг худалдаж авдаг билээ. Харин "Турк хэвийн боов" гэх уг нэршил угтаа юу болох талаар бага сага мэдээлэл хүргэе.
Фейсбүүкт нийтлэгдсэн мэдээллээс харвал уг "Турз хэвийн боов" гэх хаягны яг дээр "Турк талх, нарийн боовны үйлдвэр" гэжээ. Энэ магадгүй тус үйлдвэр иргэдийн сонирхлыг татахын тулд содон нэршил өгсөн байж болох юм. Гэвч уг үйлдвэрийн цахим хаяг, байршил ямар ч хайлтаар олдохгүй байгаа нь эргэлзээ төрүүлэв.
Өөр нэг баримт гэвэл "Lavai Center" гэх худалдаа, үйлчилгээний газрын хаягаас 2018 онд нэгдүгээр сарын 27-нд "Турк талх нарийн боовны үйлдвэрийн хэвийн боов Лавай худалдааны төвд ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР зарагдаж байна. Амт чанартайг нь мэдэх хүмүүс нь мэдэх биз ээ. Та амталгаанаас амсаж үзэн сонголтоо хийгээрэй. ХЭВИЙН БООВ 1ш - 3300, ЕЭВЭН - Том 23,000, Дунд 13,000, Жижиг 2,500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна" гэх зарыг оруулжээ. Тэгэхээр энэ дээрх мэдээлэл үнэний ортой бөгөөд таван жилийн өмнө зарагдаж байсан нь батлагдав. Өөр нэг жишээгээр 2014 онд нэгэн твиттер хэрэглэгч "Турк хэвийн боов 2900" гэх мэдээлэл оруулжээ. Тэгвэл уг хэвийн боовыг аль тэртээх 2014 онд зардаг байжээ.
Фейсбүүкт тавигдсан уг мэдээлэл 2022 оны зураг бөгөөд тухай үед 5000-7000 төгрөгийн үнэтэй байсан гэж зарим иргэд хэлж байгаа юм. Ямартай ч "Турк хэвийн боов" байдаг гэдэг нь нотлогдлоо. Харин бид дотооддоо хийсэн үү, Туркээс орж ирдэг үү гэдэг эргэлзээ төрүүлсэн хэвээр үлдлээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)