Өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр дэлхий дахинаа дайны хор уршигт нэрвэгдсэн улс орноо өмгөөлж, ОХУ-ын эсрэг 336 хоногийн турш халуун тэмцлийг өрнүүлсэн, Украины ерөнхийлөгч, хошин урлагийн жүжигчин асан Владимир Зеленскийн 45 насны төрсөн өдөр тохиожээ. Түүнд Украины урлаг, соёлын алдартнууд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, тэмцлээ үргэлжлүүлэх урам зориг өгсөн ажээ. Тэгвэл тэдний дунд 2019 он хүртэл буюу түүнийг ерөнхийлөгч болох хүртэл урлагийн тайзных нь ард байсан тэргүүн хатагтай Олена Зеленскагийн мэндчилгээ олны анхаарлыг татаж байна. Тэрбээр "Квартал 95" студийн зохиолч, продюсероор ажиллаж байсан юм. Тэд 2003 онд гэр бүл болж, хоёр хүүхэд төрүүлжээ.
Олена Зеленска "Бүтэн жилийн хугацаанд чи хэр их өөрчлөгдсөн бэ гэж би үргэлж асуудаг. Хариуд нь 'Би өөрчлөгдөөгүй. Адилхан л залуу. 17 настайдаа танилцаж байсан яг тэр залуу' гэдэг. Үнэндээ ямар нэг зүйл өөрчлөгдсөн шүү дээ. Чи сүүлийн үед барагтай л бол инээмсэглэхээ байсан. Яг энэ зураг дээрх шиг чамд минь инээх шалтгаан олон байгаасай гэж би хүсэж байна. Юу тэр инээмсэглэлийг авч ирэхийг бид бүгд мэдэж байгаа. Чамд минь зөрүүд зан хангалттай бий. Хамгийн гол нь эрүүл мэнд чухал шүү. Тийм болохоор эрүүл байгаарай. Би чамтайгаа хамт үүрд инээмсэглэж амьдрахыг хүсэж байна. Надад тэгэх боломжийг олгооч" хэмээжээ.
Харин тэрбээр өнгөрсөн 2022 онд буюу дайн эхлэхээс яг сарын өмнө Зеленскийд төрсөн өдрийн мэнд хүргэхдээ "Чи энэ зураг дээр намайг хараад инээмсэглэж байна. Чи үргэлж л ингэж хардаг. Бүх эмэгтэйчүүд ийм зүйлийг мэдрээсэй гэж би хүсэж байна. Учир нь жинхэнэ хайрын харц л ийм байдаг юм шүү. Би үргэлж чинийхээ хайрыг мэдэрдэг. Тийм болохоор л би юунаас ч айдаггүй юм. Бидэнд мөрөөдөл бий. Тэр мөрөөдөлдөө хамтдаа хүрэх болно. Биеэ бодоорой. Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Чиний над руу хардаг шиг би ч бас чам руу яг тэгж харж байх болно гэдгээ амлаж байна. Хайртай шүү" гэжээ.
Л.Сайнаа