Ховд аймгаас төрөн гарсан хамгийн анхны дээд лигт оролцож буй сагсанбөмбөгийн эмэгтэй баг бол “Ховд-Чандмань”. Энэхүү баг хамгийн залуу багаас гадна дуусашгүй хурд хүч, шантаршгүй тэсвэр тэвчээр, зогсошгүй хүсэл тэмүүлэлтэйг нь бэлтгэлдээ орохоор яарах тамирчдын харцнаас мэдрэх шиг. Ийнхүү бэтгэлийнх нь үеэр "Ховд-Чандмань" багийн ахлагч Г.Гантунгалагтай хэсэгхэн хором ярилцлаа.
-Анх удаа дээд лигт тоглолоо. Дээд лигт тоглох мэдрэмж ямар байна вэ?
-Маш өндөр сэтгэгдэлтэй байна. Энэ жил анх удаа лигт тоглож байна. Хамгийн сүүлд миний мэдэхээр 2015, 2016 онд эмэгтэйчүүдийн лиг болж байсан. Тухайн үед би 10 жилээ дөнгөж төгссөн нэгдүгээр курсийн оюутан байсан учир лигт тоглох боломж олдоогүй. Тиймээс хурдан төгсөөд лигт орох хүсэлтэй байсан. Ингээд маш олон жилийн дараа дээд лигт тоглож байгаадаа баяртай байна.
-Хэзээнээс эхэлж сагсанбөмбөг тоглож эхэлсэн бэ?
-Сагсан бөмбөгөөр 7-р ангиасаа хойш хичээллэж эхэлсэн.
-"Ховд-Чандмань" багт тоглох саналыг хэн тавьсан бэ?
-Саналыг манай багийн менежер Б.Энхбилэг ах тавьсан. Багийн хувьд ихэнх нь Пүүжээ багшийн шавь нар, өсвөр үеэсээ гарч ирсэн аль хэдийн нэг баг болчихсон хүүхдүүд байсан. Үлдсэн бүрэлдэхүүн нь арван жилд хичээллэж байсан "Алтан-Од" баг дээр суурилсан.
-Таны хувьд хожил, хожигдлыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Сагсан бөмбөгийн спортод хожигдож байж хожиж сурна гэж боддог. Энэ жил манай багийн хувьд хожигдол ихтэй байгаа ч дараа жил өөр түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа
-Багийн тамирчид бие биеэ сэтгэл зүйгээр хэрхэн дэмждэг вэ?
-Манай баг бие биедээ дэмжлэг сайтай. Хүн болгон алддаг. Тиймээс алдахад нь чи алдчихлаа гэхгүйгээр дараагийн удаад хичээгээрэй гэх байдлаар урамшуулдаг.
-"Ховд-Чандмань" багийн бусад багаас ялгарах онцлогийг та юу гэж харж байна вэ?
-Манай багийн дундаж наслалт 23, хамгийн залуу багуудын нэг. Тиймээс цааш цаашдаа илүү сайн хичээллээд явбал өндөр үр дүн гарах магадлалтай. Ирээдүйгээ илүү урам зоригтойгоор харж байгаа.
-Залуу баг учраас бусад багуудаас туршлага бага ч гэх юм уу, дутуу дулимаг зүйлс ажиглагдаж байна уу?
-Ер нь бол туршлага бага зэрэг дутаж байна. Эгч нараасаа суралцаж байгаа. Гэсэн ч бид адилхан л өрсөлдөөд явж байна даа.
-Танай багийн цаашдын зорилго юу вэ?
-Мэдээж аварга болох, аварга болоход хугацаа хэрэгтэй. Тиймээс тасралтгүй бэлтгэлээ хийгээд хичээнэ гэж бодож байна.
-Энэ жилийн лигт аварга болох боломж байна уу?
-Энэ жил бага зэрэг хэцүү байх шиг байна. Гэхдээ дараа жилээс болно гэж бодож байгаа.
-Үлгэр дуурайлал авдаг тамирчинаа нэрлэ гэвэл?
-Гадаад, дотоодын олон тамирчнаас үлгэр дуурайлал авдаг. Жоохон хүүхэд байхдаа эгч нарыгаа үздэг байсан болохоор "Miners"-ын Сор эгчийг хүндэлж, тоглолтуудыг нь хардаг.
-Одоо бол 5х5-д тоглож байна. Цаашдаа 3х3-т тоглох сонирхол байна уу?
-3х3 ганц, хоёр удаа тоглож үзсэн. Миний хувьд хэцүү санагдсан. Гэхдээ цаашид тоглох бодол байгаа л даа.
-Танай багт амжилт хүсье, ярилцсанд баярлалаа
-Баярлалаа
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (2)