АНУ-ын Охайо мужид эздийн хамт амьдардаг, 23 нас, хоёр сартай Чихуахуа үүлдрийн эрлийз нохой Спайк дэлхийн хамгийн өндөр настай нохойгоор шалгарч, Гиннесийн амжилтын номд бүртгэгджээ.
Тэрбээр 1999 оны арваннэгдүгээр сард төрсөн бөгөөд Спайкийн өмнөх эзэн түүнийг гудманд хаясан байна. Харин одоогийн эзэн, сайхан сэтгэлт Рита Кимбалл 2009 онд нэгэн худалдааны төвийн гаднах авто зогсоол дээрээс түүнийг олж, 14 жилийн турш хамт амьдарчээ.
Эзэн Рита Кимбалл "Тухайн худалдааны төвийн худалдагч түүнийг тэнд гурав хонож байгааг хэлсэн. Бид түүнийг үрчилж авахаар шийдэхэд тэр хаашаа явах гэж буйг мэдсэн юм шиг огт бишүүрхэлгүйгээр кабинд үсэрч орсон. Бид тэр даруй мал эмнэлэгт очиход эмч түүнийг 10 настайг дуулгасан" гэв.
Нас нэмэхийн хэрээр хараа болон сонсголоо алдсан Спайк тэдний гэр бүлийн хамгийн хүндтэй гишүүн гэнэ. Сонирхуулахад, дэлхийн хамгийн урт насалсан нохой 1939 онд 29 нас 5 хоногтойдоо нас барсан Блю хэмээх нохой байжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)