Их Британи болон Европын бусад улсууд Украинд Оросын мэдэлд шилжсэн газар нутгаа чөлөөлөхөд нь туслахын тулд сүүлийн үеийн танк болон байлдааны техник хэрэгслүүдийг илгээхээр яригдаж буй энэ цаг үед BBC-ын сурвалжлагч Эндрю Хардинг ширүүн тулаан үргэлжилж байгаа Бахмут хотын ойролцоо, Оросын цэргүүдийг байлдан дагуулж байгаа Украины фронтын танкны ангийн бүрэлдэхүүнд зочилжээ.
Бахмут, Соледар мужуудын ойролцоо сунаж тогтсон цаст толгодын дундуур аянга цахилах шиг болж, зарим үед секунд тутам хүчтэй дэлбэрэлтийн чимээ гарна. Алс тэртээх замын хажуугаар миномётын богино цохилт, хааяа ирж буй их бууны яс доргиулсан бөмбөгдөлтүүд нь сурвалжлах багийхныг нуувчинд чимээ даран амь гуйхад хүргэнэ. Энэ бол Украин, Оросын их буу, пуужин, танкны багийнхны хооронд хэдэн сарын турш үргэлжилсэн, үр дүнд хүрдэггүй тэмцлийн өдөр тутмын дүр зураглал, найрал дуу юм.
Украины танкны ангийн командлагч Роман гэнэт бээлийгээ тайлж, хар ногоон өнгийн Т-72 танкны гулгамтгай, цасан бүрхүүлтэй оройд гарч, хүнд ган тагийг сөхөн "Бидэнд бай байна" гэж хэлэв.
Багийн өөр гишүүд саяхан л бохир гараа ээж байсан түүдгийн дэргэдээс үсрэн босож, түүний тушаалаар бэлэн байдалд орох нь тэр. Төд удалгүй гавлын яс чичирхийлтэл хүчтэй дэлбэрэлтүүд өргөн хөндийгөөр цуурайлж, Бахмутыг чиглэнэ. АНУ-аас нийлүүлсэн танкны сум бууны амнаас улбар шар өнгийн гялбаагаар урагдан одож, эсрэг уулын энгэрт байрлах Оросын байрлал руу буудлаа.
Өдгөө 55 настай Украины сайн дурын дайчин Богдан ардаа буй Зөвлөлтийн үеийн асар том танкийг гараараа алгадан "Энэ бол хуучин Т-72, надаас ч хуучин эд. Би дөч гаран жилийн өмнө үүнийг жолоодож байлаа. Одоо дахин энэ ажлыг хийж байгаадаа итгэж өгөхгүй л байна" хэмээв.
Гэвч тэдний хамгийн ихээр хүссэн зүйл бол Германд үйлдвэрлэсэн "Ирвэс" танк болон Их Британийн "Чалленджер"-үүд юм. Тэдгээрийг Донбассын фронт руу илгээх тухай мэдээг сүүлийн долоо хоногт Бахмут орчим, ялангуяа их хэмжээний хохирол амссан Украины арми баяртайгаар угтан аваад удаагүй байгаа билээ.
Богдан "Ирвэс, Чалленжер аль ч бай бидэнд ашигтай. Миний бодлоор бидэнд дор хаяж тэднээс 300 ширхэг байх шаардлагатай. Оросын танкнууд манайхаас арай дээр, бүрэн шинэчлэгдсэн. Тэд ихэвчлэн бөөнөөрөө давшилтад ордог учир илүү хүчирхэг байгаа. Манай командлагч багийнхаа гишүүн бүрийн амь насанд санаа тавьдаг. Бид аль болох бөөн тоогоор давшиж, үр дүнтэйгээр дайснаа устгахыг чухалчилж байгаа" гэв.
Хуучны Т-72 танкнууд нь өвлийн нөхцөлд шилдэг гэдэг нь батлагдсан ч нисгэгчгүй онгоц гэх мэт орчин үеийн техникүүдийн дэргэд хүчин мөхөс гэдгийг тус ангийнхан ярьж байлаа. Тэдний хүлээлт бол барууны хүчин чадал сайтай танкнуудыг олон тоогоор оруулж ирэх явдал юм. Ингэснээр дэвшилтэд пуужингуудын цохилтод тэсвэрлэж чадах ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)