Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийг магтан дуулагч “Цагаан-Уул” яруу найргийн наадам ирэх хоёрдугаар сарын 14-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.
1991 оноос эхлэлтэй энэхүү наадам энэ жил 22 дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдаг үйл ажиллагаа болдгоороо онцлогтой. Тус наадмыг МЗХ, МЗЭ, МҮОНРТ, “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.
Яруу найргийн наадмын зорилго нь залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулахад оршиж байна.
Хайрын шүлгийн наадам гурван үе шаттайгаар явагдах бөгөөд энэ жил “Болор цом”-ын эзэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болгон зохион байгуулахаар болжээ. Бүртгүүлсэн найрагчдын бүтээлийг шүүгчид тунгааж, 24-ийг нь хоёрын даваанд шигшэнэ.
Нэгдүгээр байранд шалгарсан найрагч “Цагаан уул” цом, хоёр сая төгрөг гардах бол тусгай байр эзэлсэн зургаан найрагч тус бүр дурсгалын цом, 500 мянган төгрөг хүртэх аж.
Л.Сайнаа